Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг гаргалаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2020.06.11/ Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг  гаргажээ.

Түүний хувьд сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй бөгөөд энэ сарын 9-ний өдөр шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэсэн. Гэвч дээрх мөнгийг байршуулаагүй юм. Тиймээс өнөөдөр болсон шүүх хурлаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ сарын 16-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. УИХ-ын гишүүний Ж.Эрдэнэбат яг одоо Сэлэнгэ аймагт иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа аж.

Хэргийг  сануулбал, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.