Хонины ястай мах кг нь дунджаар 10.319 төгрөгөөр худалдаалагдаж байна

Махны дундаж үнэ                              

Энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10.319 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12.640 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 260 төгрөгөөр (2.1%), үхрийн цул махны үнэ 168 төгрөгөөр (1.1%) өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10.800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15.500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 90 төгрөгөөр (0.9%), хонины цул махны үнэ 106 төгрөгөөр (1.0%) өссөн үзүүлэлттэй. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1600 төгрөг, 1-р зэргийнх 1100-1400 төгрөг, 2-р зэргийнх 900-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1500 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1400 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 4.4 хувиар өсч 1033 төгрөгөөр, монгол лууван 2.3 хувиар өсч 1982 төгрөгөөр, монгол байцаа 0.7 хувиар өсч 2503 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.8 хувиар өсч 3142 төгрөгөөр, сонгино 1.8 хувиар өсч 1684 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.