Ж.Амгалан: Тусгаарлах байр руу архи, тамхи нууцаар оруулсан зөрчил илэрч байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийн талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болох олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран цар тахлын үед бүх талаар иж бүрэн ханган зохион байгуулах ажлыг гүйцэтгээд хагас жил болох гэж байна.

Хуулиар хүлээсэн чиг үүргийг багцаар нь авч үзвэл олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Нийгмийн дэг журам өнөөдрийн байдлаар онц ноцтой хэлбэрт ороогүй. Иргэд тайван амгалан ажиллаж амьдрах байдал хэвийн үргэлжилж байна.

Олон улсад хил гааль, нислэг нээгдэхтэй холбогдуулаад зарим хүндрэл гарахаар байна. Энэ хүндрэлүүдийг тооцох, эрсдэл үнэлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч тодорхой бодлого тооцоолол гаргах ажлууд хийгдэж байна.  

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 45 байршлын тусгаарлах байранд 1.601 иргэн ажиглалтад байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэний аюулгүй байдал, хэв журмыг сахиулж байгаа. 

Гэвч эх орондоо нэлээн ажил болж ирчихээд эрүүл мэндийг нь хамгаалах гэсэн мэргэжлийн байгууллагууд тал талаасаа чармайж байхад хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна.

УОК-ийн шуурхай штабаас албан ёсоор тусгаарлах байранд байгаа хүмүүсийг журмын дагуу гэрээс нь эд зүйлс нэвтрүүлж байгаа. Гэтэл журмаа баримтлахгүй байх зөрчил их гарч байна.

Жишээлбэл, талх ухаад дотор нь тамхиа хийгээд оруулахыг завдсан. Чихрийн хайрцагт тамхи нууж, оруулахыг завдсан тохиолдол гарсан. Усны саванд архи хийж, боодол усанд хийж оруулсан байх жишээтэй.

Энэ удаад нэрийг зарлахгүй. Зөрчлийг шалгаж байгаа. Зохих журмын дагуу арга хэмжээ авна.

Удахгүй Сонгууль болно. Сонгуулийн сурталчилгааны үед Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм, журам зөрчигдөж, иргэдийн анхаарал суларч байна. Иймд анхаарал сэрэмжээ бууруулахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сайтар дагаж, цар тахлын үеийг даван туулахыг уриалав. 

buzznews.mn