Ц.Ганзориг: Цар тахлын үед ачаалалтай ажиллаж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна

Төрийн албан хаагчдыг тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудыг орон сууцанд оруулах боломжийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. УИХ КОВИД-19-ын үед авах арга хэмжээний тогтоол баталсан бол өнөөдөр Засгийн газар төрийн албан хаагчдыг тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудыг орон сууцанд хамруулахаар болжээ. Эхний ээлжинд бэлэн байгаа 1500 орон сууцанд төрийн албан хаагчдыг Засгийн газар, Монгол банк хамтран түрээслүүлэх замаар өмчлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцтай болгох тогтоолыг Засгийн газар баталлаа. Энгийнээр хэлбэл, галын шугаманд ажиллаж байгаа буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч цагдаа, онцгойгийн алба хаагчид, мэргэжлийн хяналт, хил, гаалийн албан хаагчид хамаарна.

Тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Барилга хот байгуулалтын сайд болон хотын даргад даалгасан. Эхний тооцоогоор 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж үзсэн. Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгож, төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид хамрагдах боломжтой. Гол хэрэгжилтийг НОСК буюу хотын дарга С.Амарсайхан хариуцаж явна. Энэ нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцанд орохоос хөнгөвчилсөн нөхцөлтэй гэж ойлгож болно.

НОСК өнөөдрийн байдлаар 3.000 орчим өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг амжилттай зохион байгуулаад байгаа.

Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтраад шийдвэрлэх боломжтой гэж тооцоолсон. Маш ойрын хугацаанд 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулна" гэв.

Мөн тэрбээр "Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид гээд яг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, өөрийн гэсэн орон сууцгүй хүмүүсээ түрүүлж орон сууцанд оруулах бодлогыг барьж байгаа.  Зах зээл дээр өнөөдрийн байдлаар 4,000 орчим бэлэн орон сууц байгаа. Тэдгээрээс төр худалдаж аваад хөнгөлөлттэй нөхцөлөөр төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдадаа олгоно гэсэн үг. Сонгон шалгруулалт нь НОСК-иас өмнө нь хэрэгжүүлж байсан шиг нээлттэй байдлаар явна. Хүнээс хамаарах, ар өврийн хаалгаар шийдүүлэх асуудлыг аль болох үүсгэхгүй байхаар ажиллаж байна.

Орон сууцны м/кв-аас хамаараад 1-3 өрөө орон сууцны боломжийг хараад тооцоолол хийгдэж байна. Монголбанкны зүгээс 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Сангийн яамнаас хүүгийн татаас өгөх байдлаар тооцоо хийгдэж байгаа"гэлээ