Д.Эрдэнэбат: Эрх баригчид буруу шийдвэрээсээ зайлж, бултсан 4 жил байлаа

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын засагласан дөрвөн жилийг хэрхэн дүгнэж байгаагаа танилцуулав.

Тэрбээр “АН үнэмлэхүй цөөнх байж үнэмлэхүй олонхийн алдаа, оноог цаг бүрт нь дүгнэсэн жилүүд байлаа. Хамгийн гол нь энэ бүрэн эрхийн хугацаанд Ардчилсан Монгол Улсыг, ардчиллаа хамгаалахад хүчин зүтгэсэн, дуу хоолой нь болж чадсан гэж бид өөрсдийгөө харж байна.  Энэ нөхцөл байдал ирэх 4 жилийн сонгуулиар үүсч бий болох парламентад дахин тулгарахгүй байх гэж бодож байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ дахь АН-ын бүлгээс УИХ болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд нийт 32 удаа асуулга тавьж дангаараа 58 хууль санаачилсан. Тухайлбал, Улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийг цагаатгах тухай, нөхөн олгох тухай болон жолоочийн хариуцлагын даатгал, Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хууль УИХ-ын босгыг давж, батлагдсан. Зарим нь хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн цөөнгүй хуулийг эрх баригчид УИХ-аар хэлэлцүүлээгүй, орхигдуулсан.

Мнө хугацаанд АН-ын бүлгээс УИХ-ын дарга 9 удаа, Ерөнхий сайдад 22 удаа шаардлага хүргүүлсэн. УИХ-д 26 удаагийн санал дүгнэлтийг бичгээр өгч ажиллаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өөрсдийн санал, санаачилгаа тусгуулан батлууллаа. Тухайлбал, Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүд давхар дээлтэй байхыг бууруулах, шүүхийн шударга тогтолцоог бий болгох зэрэг тодорхой саналууд гаргаж, дэмжигдсэн. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх зэрэг чухал саналууд унасан. АН-ын бүлгийн гишүүд хэдийгээр цөөн байсан ч ардчиллаа хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг бодитой оруулсан гэж үзэж байна” хэмээлээ.

Мөн тэрбээр эрх баригчид үнэмлэхүй олонх болсон ч

-Энэ 4 жилд эргэж буцсан 4 жил байлаа.

-Бодит бүтээн байгууллатгүй 4 жил байлаа.

-Бодлогоггүй ажилласан 4 жил байлаа.

-Төрийн алба хаагчдын ёсзүйг умартсан 4 жил байлаа.

-Эдийн засгийн өсөлт ард иргэддээ очиж чадаагүй 4 жил байлаа.

-Хуулиа хэрэгжүүлдэггүй, төрийн байгууллагууд нь хууль зөрчсөн, үнэмлэхүй олонхиороо өөрсдийн талд хуулийг өөрчилсөн 4 жил байлаа.

-Төсвийн алдагдал хэмжээнээсээ хэтэрсэн, төсвийн үр дүнгүй 4 жил байлаа.

-Буруу шийдвэрээсээ зайлж, бултсан 4 жил байлаа

-Ажил хийсэн дүр эсгэсэн 4 жил байлаа

-Эрх баригчдын дотоод хагарал туйлдаа хүрсэн 4 жил байлаа хэмээн тэрбээр онцлов.

Мэдээллийн үеэр гишүүн З.Нарантуяа өнгөрсөн 4 жилийн хугацаан дахь эдийн засгийн нөхцөл байдлын дүгнэлтийг таницуулав. Тэрбээр “Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 70 орчим хувиар биелүүлсэн гэж үзсэн. Гэхдээ бодит байдал дээр үгүй.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар олон тулгуурт тогтвортой эдийн засгийг бий болгоно гэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар дотоодын үйлдвэрлэлүүд огт хөгжсөнгүй.Татвар хураамжийг багасгана гэсэн ч эсэргээрээ 7 төрлийн татвар нэмсэн” хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрх баригчид монголчуудыг иргэн бүрийг 27 сая төгрөгийн өрөнд оруулсан 4 жил байлаа. 9 төрлийн татварыг нэгдүүлсэн. Ард түмний халаасыг нэмэх замаар орлогоо бүрдүүлж ирсэн. Үүний үр дүнд 6 хувьтай байсан дундаж давхарга доошоо унасан” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү эл хуралд оролцож, өнгөрсөн 4 жилд болсон эрх баригчидтай холбогдох хэргийн талаар онцлон тэмдэглэсэн юм. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хүн амины хэрэг, ЖДҮ, хүчин, Төрийн ордонд хүн эрсэдсэн талаар тэрбээр нэг бүрчлэн хэлсэн юм. 

эх сурвалж: buzznews.mn