Саарлаас гаргах байтугай хар руу

Европын холбооны комиссоос Монгол Улсад хар тамга дарах санал бүхий төслөө гаргачихлаа. Эмгэнэлтэй нь энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар огт мэдээгүй хэмээн мэлзэв. Сэтгүүлчийн асуултад “Тийм мэдээлэл ирээгүй” гэх мэдлэггүй, мэдээлэлгүй, тэртээх он жилүүдэд хоцрогдож үлдсэн кадр гэдгээ харуулсан болчимгүй хариулт өгсөн.

Оны өмнө FATF (ФАТФ) буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг тэмцдэг Олон улсын байгууллагаас гаргадаг саарал жагсаалт руу орчихоод байгаа манай улсын хувьд дээрх хар тамгыг нэмснээр уйлах багадах нөхцөл үүсч байгаа юм. ФАТФ-ын саарал жагсаалтад оруулсны хариуцлагыг тухайн үеийн төвбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны С.Даваасүрэн нарт үүрүүлж шоудсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд саарал жагсаалтад орохгүй байх, түүнээс хамгаалах арга хэмжээг авах боломж хангалттай байсан. Гэвч сандал суудал, албан тушаалын харалган бодлогоос болж гал алдсан гэх дүгнэлтийг өөрсдөдөө хийсэн Засгийн газар дээрх нэр бүхий хүмүүсээр туг тахиад өнгөрсөн хэрэг. Харамсалтай нь, туг тахилт нь мөн шоу болж, Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын суудлыг булаах жижигхэн сонирхлоо гүйцэлдүүлсэн юм.  

Төвбанкны Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай томилдог ч 1990 оноос хойш бүрэн эрхээ дуусгавар болгосон ганцхан Ерөнхийлөгчтэй харгис газар бол Төвбанк. “Монголбанкны ерөнхийлөгчийг томилохдоо эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэж хуульчилсан байдаг. Харамсалтай нь, улстөрийн нүүдэлд хэний фракц хүчтэй байна, түүний бүлэглэл эрх мэдэл, албан тушаалд тус банкны ерөнхийлөгчийн суудлыг тавьж өгсөөр уламжлал болов. Тэр жишгээр Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэн томилогдсон.

Монгол Улсыг саарал жагсаалт руу түлхсэн нь Н.Баяртсайхан бол түүний удирдлагын багт ажиллаж байсан дэд ерөнхийлөгч нар ч буруутай байх атал эсрэгээрээ Б.Лхагвасүрэн шагнагдсан хэрэг. “Шагнал”-аа гардсан өдрөө Б.Лхагвасүрэн “Монгол Улсыг саарал жагсаалтаас богино хугацаанд гаргана” хэмээн баярлан бахардан мэдэгдэж байв. Тэрбээр “2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд аль болох хурдан хугацаанд Саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлээд ажиллана. Жагсаалтаас гарахын тулд дөрвөн асуудлаар зургаан ажил хийнэ. Ажлын хэсэг ажиллаж байгаа” гэхчлэн Дэд Ерөнхийлөгч байхдаа хийхгүй яав гэмээр элгийн тооцоолол ярьж, амлалт өгсөн. Тэгэхдээ бүр хугацаа зааж 6 сарын дотор саарал жагсаалтаас гарч, баяраа тэмдэглэнэ гэж байсан тэрбээр саарлаас гарах байтугай нэмээд дахин нэг хар жагсаалттай боллоо. Зургаахан сарын дотор саарлаас гаргах биш өөр нэг хар жагсаалт руу түлхэлцсэн хүний нэг нь Төвбанкны шинэхэн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гарцаагүй гэх эдийн засагчид олон байна. Тусгаар тогтнолын ордон нэр дэвшигчийн мандат горилогчдын цуваанд дарагдаж, хар жагсаалтад улс орноо ууталж аваачаад хийчихсэн нөхдөөс хариуцлага нэхэхтэй манатай байгаа нь үнэн юм.

Тэртэй тэргүй зээлжих зэрэглэл муу байсан манай улсын зэрэглэл доторх төлөвийг бууруулж СӨРӨГ рүү оруулаад хоёр хонолоо.

Дараагийн удаад бүр унаж C буюу асар өндөр эрсдэлтэй улс орнуудын эгнээнд орно гэдгийг ийнхүү сануулж байхад эрх баригчид бас л таг. Таван жилийн өмнө 4 тэрбум долларын өртэй байсан Засгийн газрыг өнөөдөр 8 тэрбум долларын гадаад өртэй болгосон Эрх баригчид сонгуульд бэлтгэн хэрэлдсээр. Тэдэнд зээлжих зэрэглэл буурч манай улсын төлөх ёстой хүүгийн төлбөр өсч буй нь бүр падлийгүй болов. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бас л мэдээгүй яваа байх. Европын холбооны парламент буюу консулын зүгээс хар жагсаалтын төсөлдөө ямар нэг өөрчлөлт оруулчихгүй шийдвэр нь ирэх аравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Европын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид Монголоос зайгаа барьж эхэлнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Ингэснээр гүйлгээ хийхэд асар төвөгтэй болж татварын нэмэлт ачаалалтай болох гэнэ. Төгрөгийн ханш улам суларч, эдийн засаг хумигдах бөгөөд тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал бодитой өснө. Европоос хөрөнгө оруулалт татах, бизнес хийх, Европын улсууд руу сурах, ажиллахаар очиход визээс өгсүүлээд тоолж нэрлэж дуусашгүй түмэн хүндрэл үүсэх юм байна. Монгол улсыг татвараас зугтах, мөнгө угаах, хил дамнасан терроризм болон хүний наймааны санхүүжилтээс орж байгаа бохир орлогыг цэвэршүүлдэг дамжлага улс болчих вий гэдгээс болгоомжилж, удаа дараа сануулж, зөвлөж байсан олон улс орны итгэлийг ийнхүү эвдлээ гэдгийг эдийн засагч Ч.Отгочулуу хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцоллоо. Энэ нь дипломат харилцаанд ч сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг тэрбээр тодотгожээ.

Европын холбоо, ФАТФ ч тэр аль аль нь манай улсад хангалттай хугацаа өгч тус тусын саарал жагсаалтад байлгасан. Харамсалтай нь манай улсын Засгийн газар хариуцлагагүй, сэтгэлгүй, мэдлэггүй байдлаас болоод Европын холбооны хар жагсаалтад ийнхүү орж буй аж.

Барууны нэр хүндтэй банкуудаар дамжуулан манай улс гадаад гүйлгээгээ хийдэг байсан бол хэдийнэ Монголыг орхин гарсан гэнэ. Уг нь цахилгаан эрчим хүч, зам тээврийн томоохон төслүүдэд Европын банкууд оролцох сонирхолтой байсан ч ийнхүү боломжоо алдаж байгаа юм байна. Экспортын орлого муу, зэсийн үнэ унасан, нүүрсний экспорт саарсан энэ үед хар жагсаалтад орж байгаа нь 6 сарын дотор ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргана хэмээн цээжээ дэлдээд байсан Б.Лхагвасүрэнгийн мөрөөдөлд цэг тавигдлаа гэсэн үг.

Европын комиссоос батлаад оруулсан хуулийг парламент болон консул нь өөрчилж байсан тохиолдол тун ховор гэж байгаа. Тэр дундаа 2017 онд Европын парламентад хандаж “олон улсын гэмт хэргийн эсрэг тэмцэнэ” хэмээн хулхидан байж хар жагсаалтаас нь гарч байсан манай улсын хувьд бүр NO. Ядаж байхад Европын нутаг дэвсгэр дээр хар тамхи зөөвөрлөж, тээвэрлэн удаа дараа баригдсаар шившгээ дэлгэж байгаа дипломатчидтай улс болсон. Саарал болоод хар жагсаалтаас гарч чадахгүй удвал манай улс Хятад улсаас улам бүр хараат болно гэдгийг эдийн засагчид хатуу анхаарууллаа. Тиймээс сонгууль ярьж дэрвэн, улс орныхоо урд хойдохыг хойш хаясан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нартай хатуу хариуцлага ярьж, мэргэжлийн мэдлэгтэй нөхдөд суудлыг нь шилжүүлэх хойшлуулшгүй цаг үе ирээд байна.

buzznews.mn