Сэрэмжлүүлэг!!! Маргаашнаас нийт нутгаар эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

ОБЕГ, ЦУОШГ-аас цаг агаарын гамшигт үзэгдэл болох талаар сэрэмжүүллээ. Албаныхны мэдээлснээр маргаашнаас эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Тухайлбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймээс иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээж авах, бусдад дамжуулах, сэрэмжлүүлгийг дагахыг анхаарууллаа.

  • Мөн малчид болж өгвөл 15, 16-ны өдөр малаа хашаа хорооноос гаргахгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сануулж байна.
  • Түүнчлэн 15, 16-нд амралтын өдөр таарч байгаа тул нийт иргэдийг хөдөө гарахгүй байхыг анхааруулсан бөгөөд ялангуяа Хэнтий аймгийн чиглэлд явахгүй байх, зайлшгүй тохиолдолд шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслахыг анхаарууллаа.   
  • Цасан болон шороон шуурганы улмаас замын нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаад аймаг, орон нутгийн Засаг даргын захирамжаар хот хоорондын замыг хаах арга хэмжээг авч магадгүй. Тиймээс иргэд өөрийнхөө төлөө төрийн байгууллагын шийдвэрийг дагаж, мөрдөх хэрэгтэй.  ОБЕГ-аас 20 гаруй мянган малчин иргэдэд багц месеж явуулж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч байна. Хүчтэй шуурганы үеэр гал түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Тиймээс ил задгай гал гаргахгүй, үнс нурмаа ил асгахгүй байхыг анхааруулж байна.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байна гэж ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал онцоллоо. Түүний хэлснээр энэ сарын 15-нд Хэнтийн, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч  зарим үед 34м/с хүрч гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна. Мөн Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдах аж.