Энэ жил “Алдарт эх”-ийн одон олгохгүй

Жил бүрийн зургадугаар сарын 1-нд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалттай. Гэвч энэ жил одон гардуулахгүй байхаар Төрийн тэргүүн шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллэв.

Дэлхий нийтийг хамраад байгаад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн үйл ажиллагааг хориглосон билээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн одон медалийг он гарснаас хойш олгоогүй.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” буюу олны хэлж заншсанаар “Алдарт эх”-ийн I болон II одонг 9465 ээж хүртсэн билээ. Үүнээс:

  • Нэгдүгээр одон 611
  • Хоёрдугаар одон 8853
  • Нийслэлээс 3677
  • Хөдөө, орон нутгаас 5090
  • Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байв.

Хэдийгээр одонг гардуулахгүй ч одонтой ээжийн мөнгийг зохих журмын дагуу олгох гэнэ. Иймээс “Алдарт эх”-ийн болзол хангасан материалаа харьяа хороо, дүүрэгтээ өгч, мэдээллээ баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмжээ хүртэх юм.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөн тусламжийг жил бүрийн Сар шинийн өмнө олгодог. Үүнд:

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг,

Хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг тус тус олгодог.

Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай.

Өнгөрсөн жил 224 мянган эхэд 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна.  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо бий.