ТАНИЛЦ: У.Хүрэлсүхийн хэлсэнээр сонгуульд нэр дэвших эрхгүй эрхмүүд

Даваа гараг бүр хуралддаг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан нэлээн ширүүхэн уур амьсгалтай болжээ. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, Засгийн газарт танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр намын даргын үг бүлгийн гишүүдийн олонхийг бачууруулж, суудлаасаа огло үсрэн босоход хүргэсэн талаар эх сурвалж мэдээллэв.

Тодруулбал, бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр өмнө нь буюу 2018 оны 11 сард Б.Батзоригийг Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын суудлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр чуулганы танхимд мөн дээрх алдарт үгээ хэлж байв. Ингэхдээ тэрбээр “Авсан зээлээ төлөхгүй, албан ёсоор уучлал гуйхгүй бол...” хэмээн тодотгосон юм.

Ямартаа гишүүн Н.Оюундарь “Нэр дэвшүүлэх эрх хасах гээд байгаа юм бол төлчье” гэж бардамнасан бол А.Сүхбат “Та нар өөрсдөө л энэ мөнгөнөөс ав, ав гэж авахуулчихаад, одоо буцааж төл гээд байх юм” хэмээн бухимдсан мэдээлэл хэвлэлийн хуудсаар хэсэгтээ шуугисан. Юутай ч намын даргын дээрх үгийн дараахан нэр бүхий эрхмүүд ЖДҮХС-гаас авсан зээлээ хагас, дутуу төлсөн гэж хэлж болно. Гэхдээ эрх мэдлээрээ дулдуйдан бусдын хоолыг булаагаад зогсохгүй, банк бусаар дамжуулан мөнгөө хэд дахин өсгөөд амжсан эрхмүүдийг ингээд уучлах нь шударга ёс мөн үү гэх асуулт ард нийтээс У.Хүрэлсүхэд хаяглагдсан.

УИХ-ын гишүүд олноороо тэр дундаа мөнгөн дүнгийн хэмжээ ижил байгаа нь эхэндээ олон хүний хардлагыг төрүүлж байв. Гэтэл өөрийг нь дэмжиж кноп дарсан эрхмүүдийг урамшуулахын тулд ЖДҮ тарааж, өөрөө ч “гуссан” нь Н.Номтойбаяр гишүүний мэдэгдлүүлээс харагдана. Тиймээс л “Ав ав гэж авахуулчихаад...” хэмээн гишүүн А.Сүхбатаас эхлэн ундуйцаж буй юм.

У.Хүрэлсүх намын даргын хувьд 2020 оны сонгуульд ЖДҮ-чидтэй буюу өөрийг нь хүрээлэгсэдтэй нийлж сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ нэр дэвшигчдийг намын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. Харин намын даргын хэлсэнчлэн ирэх сонгуульд нэр дэвших шаансгүй гишүүдийг товчхон хүргэе.

  • УИХ-ын гишүүн Б.Батзориг. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан тэрбээр кнопны урамшууллыг тараасан гэх тодотголтой. Тухайн үед сайдын суудлаа хүлээлгэн өгч, хариуцлага хүлээсэн хэмээн мэдэгдэж байсан ч өдгөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн.
  • УИХ-ын гишүүн Г.Солтан. “Монгол шаазан” ХХК-ийг өөрт хамааралгүй гэж мэдэгдсэн удаатай. Гэвч “Монгол шаазан” ХХК-тай хамаарал бүхий этгээд хэмээн шүүхийн тэмдэглэлд үлдсэн байв. Эл компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан.
  • УИХ-ын гишүүн Б.Ундармаа. ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээл авсан. ХОМ-тээ 2014-2017 оныг хүртэл “Капитал Премиум" банк бус санхүүгийн байгууллагыг 100 хувь эзэмшдэг гэж бичжээ.
  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан. "Газар капитал”, "Газар партнерс" гэсэн банк бус санхүүгийн байгууллагатай.
  • УИХ-ын гишүүн Л.Энхболд. ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн. Тэрбээр “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагын 50 хувийг эзэмшдэг талаар ХОМ-тээ дурьджээ.
  • УИХ-ын гишүүн Я.Содбаатар. ЖДҮХС-гаар дамжуулан 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Эхнэр найзуудтайгаа нийлж авсаныг мэдээгүй хэмээх тайлбарыг хийж байсан ч эцэст нь үнэнд гүйцэгдэж, сайдын суудлаа тавьж өгсөн. Тэрбээр өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК-иар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан.
  • УИХ-ын гишүүн Н.Оюундарь. “Рэд Стар Клуб”-ийнхээ нэр дээр 800 сая төгрөгийн зээл авсан. "Манай хүүгийн компани П.Сэргэлэн сайдын үед зээлийн шалгуурыг хангаад, зээл авахаар тодорхойлогдсон байсан. Гэсэн ч төсөв мөнгөгүй учраас авч чадаагүй” хэмээн тайлбарлаж байв. Гэсэн ч гишүүн 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлжээ.
  • УИХ-ын гишүүн Н.Учрал. Түүний аав Н.Ням-Осор ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл “Хүннү” групптээ авсан нь мөн тогтоогдсон. Баримт дэлгэгдсэн даруйд Н.Учрал гишүүн 950 сая төгрөгөө буцааж байгаагаа мэдэгдсэн. Түүний аавын “Хүннү” групп 2014 оноос “НЬЮ ХҮННҮ ФИНАНС” банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж иржээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү дунджаар 2.6-3 хувь, жилийнх нь 31.2-36 хувь.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийг ЖДҮХ-гаас авсан байдаг юм. Хууль хяналтын байгууллагаас түүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж байсан. Харин УИХ түүнийг авч үлдсэн билээ.
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Түүний 80 хувийг эзэмшдэг “Мондем” ХХК 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээл авсан.
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ “Сингапур хэльткейр сентр” ХХК-д ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн. - УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. “Эрдэнэт” үйлдвэрийн экс захирал Ч.Ганзоригийн хүү гэдгээрээ танигдсан тэрбээр “Спа цогцолбор”-тоо ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан. Эл газрыг түүний ээж ажиллуулдаг тухай тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв.
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. “Дорнод гурил” компани нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан. - УИХ-ын гишүүн А.Сүхбат. “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан.
  • УИХ-ын гишүүн О.Батнасан. “Топ кондитер” нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан. Ийнхүү жагсаалтыг цааш үргэлжлүүлж болно.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулахад онцгой гавьяа байгуулсан эрхмүүдийг жагсаавал 40 орчим гишүүн бий. Тиймдээ ч тэдний зарим нь өдгөө суга дэвшиж сайд нар болцгоосон бол зарим нь байнгын хороог даргалах болсон. Баярын бялууг намын дарга зочиддоо өгөөд зогсохгүй өөрөө ч амсаж, тэр бүү хэл амташсан баримт ч бий.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авах барьцааны гэрээнд гарын үсэг зурсан талаар Н.Номтойбаяр мэдээлж байв. Үнэхээр ч У.Давхарбаяр зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн данснаасаа хийсэн баримтыг олон нийтэд дэлгэж байсан юм. Тэгэхээр намын дарга У.Хүрэлсүх ч мөн өөрийнхөө үгэнд эзэн болж, энэ удаагийн сонгуульд өнжих буй за.

эх сурвалж: buzznews.mn