Ж.Батзандан: Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаа эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар Улсын ерөнхий прокурортой өнөөдөр уулзав. Уулзалтын дараа тэд жилийн өмнө шалгуулахаар өгч байсан томоохон хэргүүдийн явцын талаарх мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “2019.04.17-нд Улсын ерөнхий прокурорын томилогдмогц авлига албан тушаалын нийт 23 хэргийг хуульд заасан хугацаанд яаралтай шийдвэрлэх албан бичиг хүргүүлсэн. Энэхүү 23 хэргийн шийдвэрлэлт жилийн дараа ямар түвшинлд яваа талаар Улсын ерөнхий прокурортой уулзаж, мэдээлэл авлаа.

Хэрэг тус бүрээр нь хуульд заасан хэмжээнд нь дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. 23 хэрэг 40 болж задарсан байна. Эдгээр 40 хэргээс өнөөдөр 14 хэрэг нь шүүхэд шилжиж, зарим нь шийдвэрлэгдээд байна.

Зарим нь хэрэг шийдвэрлэлтийн түвшинд явж байна. Тухайлбал, Тавантолгойн бүлэг орд газраас 368.000 тонн нүүрс хулгайд алдагдсантай холбоотой хэрэг шинжээчийн дүгнэлтээ хүлээж хэрэг бүртгэлийн шатандаа байна.

Бусад хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа юм байна. Удахгүй зарим нь шүүхэд шилжих талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар 54 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж Содномдоржоо, Чимгээ нарыг хуурамч нотлох баримт бүрдүүлэх замаар эрүүдэн шүүж ял тулгаж 3 шатны шүүхээс ял оноосон. Эрүүдэн шүүсэн асуудлаар хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд 8 этгээдийг холбогдуулан шилжүүлсэн. Үүнд тодорхой албан тушаалтнууд, Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч нартай холбогдох хэрэг Төв аймгийн шүүхэд шилжээд 8 сар гацаж байгаа.  Төв аймгийн шүүх хуралдаанаа 05 сарын 20-нд товлосон. Б.Содномдоржоо, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх замаар  хилсээр хэлмэндүүлсэн нөхдүүдэд ял оноох  шүүх хурал болж, прокурор шүүхийн шийдвэрийн талаар эсэргүүцэл бичихээр бэлдэж байгаа тухай мэдээлэл өгч байна.

Стандарт банктай холбоотой хэрэг, Оюуторлгойн гэрээг байгуулах явцад Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын нөлөөлөл орсон асуудал, Эрдэнэтийн 49 хувь зэрэг томоохон хэргүүд бий. Ц.Элбэгдорж хөл хорионоос өнөөдөр гарсан учраас АТГ мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна гэсэн мэдээлэл өгсөн.

С.Баярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Сая завсарлалаа.

Б.Хурцтай холбоотой аж ахуйн  нэгж, иргэдийг дээрэмдсэн, тоносон, айлган сүрдүүлсэн, УИХ-ын гишүүдийг ална гэж заналхийлсэн хэргүүд өнөөдөр мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

эх сурвалж buzznews.mn