COVID-19: Халдвар авсан хүний тоо нэмэгдэж 40 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 215 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 3.5 сая хүн халдвар авч, 248.000 гаруй хүн нас баржээ. 2.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Манай улсын хувьд ажиглалтад 1171 хүн байна. Өчигдөр 270 хүн ажиглалтад шинээр орсон. Мөн 155 хүн ажиглалтаас гарч, гэрийн хяналтад шилжлээ. Ажиглалтын 10 байранд 2 их эмч, 25 ресэдент эмч ажиллаж байна.

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 261 хүнийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулаад байна. Тэдний биеийн байдал хэвийн байн.

Уг онгоцоор ирсэн хүмүүсийн 350 ширхэг ачаа тээш, 700 кг карго, 12 тээврийн хэрэгслийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн баг халдваргүйжүүллээ.

14 чиглэлийн галт тэргэнд 10 эмч ажиллаж, 340 ажилтан, 4800 гаруй зорчигчид танадалт судалгаа хийлээ.

119 дугаарын утсанд 201 дуудлага ирсэн. Туркээс 1, Австри улсаас 1, АНУ-аас 1, Швейд улсаас 1 дуудлага ирж, өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөө авсан. Швейд улсаас холбогдсон 1 иргэний коронавирусийн халдвар эерэг гарсан. Гэхдээ биеийн байдаь хөнгөн учраас 14 хоног гэрээр тусгаарлалтад байгаа талаараа хэлж мэдээлэл авсан.

01 сарын 03-наас хойш амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаасны үр дүнд амьсгалын замын халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар буурсан. Мөн томуу томуу төсвт өвчин 3.1 хувиар буурсан. Иймээс зөвлөгөөгөө дагаж байхыг сануулья” гэлээ.  

Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 40 боллоо

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.03.26-нд өвдөж, ХӨСҮТ-д ирсэн 2 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна. 40 хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг.

Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. 12 хүн эмчлэгдэн эдгэрч, дараа дараагийн шатанд шилжиж байгаа. Эмчлэгдэж байгаа 28 хүн бий. Хатгаатай хэд хэдэн хүн байна. Халуунтай өвчтөн бий. Онцолж хэлбэл, өндөр настай элэгний хор хавдартай хүн коронавирусээр өвчилж, эмчлэгдэж байна. Хамгийн их анхаарал тавин ажиллаж байна.

ХӨСҮТ болон Дарханы гээд 3 лабораторид 340 хүний шинжилгээ хийлээ. 2020.05.03-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс 273 хүнд нь халдвар илрээгүй. Харин 1 хүнд нь халдвар илэрлээ.

Дарханы лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д 101 хүн байна” гэлээ.

О.Алтантуяа: ДЭМБ-аас удирдамжаа шинэчилсэн

ДЭМБ-ын ажилтан О.Алтантуяа мэдээлэл өгөв. Тэрбээр “Сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт өндөр байгаа оронуудад өвчлөл, нас баралт багасах хандлага байна. Өвчлөл АНУ, АНглид 2 хувиар нэмэгдсэн. Нас баралтын хувь одоогоор Франц улсад 19 хувьтай байна. Англи, Итали улс 13 хувьтай байна. Дэлхийн хэмжээнд нас баралтын хувь 7 байна.

Манай бүсийн хувьд Сингапур, Япон, Филиппинд тархалт хурдацтай нэмэгдэж байгаа. Сингапурт халдварын үндсэн голомт нь гадаадын ажилчдын дотуур байранд тархаж байна. Ковид халдвараас сэргийлэх, тогтоон барих зорилгоор улс орнууд хязгаарлах олон нийтийн арга хэмжээг цуцлах сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглох зэрэг арга хэмжээг авч байна. Эдгээр арга хэмжээг удаан хугацаагаар хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа тул хязгаарлах арга хэмжээг сулруулах эсвэл чангатгах шийдвэр гаргахад хэрэгтэй тоон болон чанарын үзүүлэлт, шалгуурыг багтаасан удирдамжийг ДЭМБ-аас шинээр гаргасан.

Үндсэн зарчим нь шийдвэр гаргахдаа тархалтын явц, тархвар зүй, эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, тохиолдлыг илрүүлэх шинжилгээ хийх, тусгаарлах чадавхи, хүн амын мэдлэг, бэлтгэл зэрэг олон хүчин зүйлээс хамааран уян хатан бүсчилсэн, үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Мөн коронавирус халдварын дэгдэлтийн үед хэдэн хүн халдварт өртөх тохиолдлын тоо хэд гарах уу, оргил үе хэр хугацаанд үргэлжлэх үү, хүний нөөц, эм бэлдмэл, урвалж бодис, тоног төхөөрөмж зэрэг зайлшгүй шаардлагатай нөөцийг тооцох, аргачлалын шинэчилсэн хувилбарыг ДЭМБ-аас гаргасан” гэлээ.