Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хаахаар боллоо

Нийслэлийн Онцгой комиссийн шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурдаар архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудын цагийг уртасгасан асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг

-Ресторан 1021

-Баар 945

-Кафи 225 газар тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна.

НМХГ-аас өгсөн мэдээллээр 3 сарын хугацаанд 11.336 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Дээрх аж ахуйн нэгжүүдээс одоогоор 7000-ынх нь үйл ажиллагаа нээгджээ. Үүнтэй холбоотойгоор 17.000 гаруй аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа нээсэн тохиолдолд ямар стандарт, журам баримталж ажиллах талаар 38 чиглэлийн мэдэгдлийг хүргүүлсэн.  

Үйлчилгээний байгууллагуудад иргэд хоорондын зайг 1.5-2 метр байлгах, ширээ суудлын тоогоо хоёр дахин багасгахыг мэдэгдлээр тодорхой хүргүүлсэн. Ариутгал халдваргүйжилтийг хийх. Мөн үйлчилгээний байгууллага ажилчид болон үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж тэмдэглэл хөтлөх шаардлага тавьж, мэдэгдэл хүргүүлсэн.

Хамгийн сүүлд гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 1035 ресторан, баарны үйл ажиллагаанд хяналт хийсэн. Бүгд мэдэгдэл хүлээн авсан.

Өчигдрийн байдлаар 375 газарт хүрч ажилласан. Шалгалтаар 1 иргэн, 3 аж ахуйн нэгж дээр зөрчил илэрсэн. Иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 150.000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгосон. 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон.

Хэрэв тавьсан шаардлагыг хангаж ажиллахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэдгийг мөн энэ үеэр мэдэгдлээ.

Мөн зөвшөөрөл олгож байгаа газруудыг хяналт тавьж ажиллахгүй бол Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хүн хүч хүрэлцэхгүй байгаа талаар мөн онцлов.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр өнгөрсөн жилийн мөн үетэй өнөөдрийг харьцуулахад гэмт хэрэг буурсан гэнэ. Тэр дундаа архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг 50 хүртэл хувиар буурчээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг сунгасан тухайд  17 чиглэлд цагдаагийн байгууллага эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр 200 орчим хүнтэй үйл ажиллагаа явуулж байсан, бөөгнөрөл үүссэн байсан гэнэ.

Чикаго баар гэхэд халуун дэмжигч байхгүй, 80 гаруй хүнтэй байжээ. Цагтаа тардаггүй. Тараах гэсэн цагдааг зодож, хүчирхийлсэн.

Сүхбаатар дүүргийн III хороонд 45 хүнтэй үйл ажиллагаа явуулж байсан баар халуун хэмжигч байхгүй, зөөгч нар нь амны хаалтгүй байжээ.

Сонгинохайрхан дүүрэгт мөн 30 гаруй хүнтэй халуун хэмжигчгүй баар, цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж байжээ.

Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээж, цагийг уртасгасан өдөр баасан гараг байсан. Мөн тавдугаар сарын 1 байсан тул архи согтууруулах ундаа худалддаггүй өдөр тохиосон. Энэ өдөр цагдаагийн байгууллагад 802 дуудлага иржээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 78, согтуугийн 207 дуудлага байжээ.

Бямба гарагт 1173 дуудлага ирсэн. Үүний согтуугийн дуудлага 427 болж өссөн, 226 хүн эрүүлжүүлэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125 байжээ.

Ням гарагт 1204 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Уг нь ням гарагт маргааш нь ажлын өдөр тул дуудлага харьцангуй бага байдаг аж. Гэтэл өчигдөр огцом өссөн. Согтууруулах ундаатай холбоотой дуудлага 474 иржээ. Үүнээс 218 хүнийг эрүүлжүүлжээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 148 ирсэнээс 118 хүнийг эрүүлжүүлж, саатуулсан.

Баар, цэнгээний газруудад шаардлага тавьсан цагдаагийн 7 албан хаагч зодуулжээ.

buzznews.mn