Л.Мөнхтүшиг: Солонгос улсын талаас саатуулах байранд байгаа 33 иргэнийг нислэгт багтаах санал тавьсан

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ойрын хугацаанд хийх 3 чартер нислэгт багтах иргэдийг хэрхэн сонгон авсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Чартер нислэгт ямар иргэдийг багтаасан нь үргэлж хардлага дагуулж байдаг. Иймээс зорчигчдыг хэрхэн авдаг талаар тодорхой баримттай мэдээлэл өгье. Маргааш Сөүл-Улаанбаатарын нислэгийг үйлдэнэ. Энэ нислэгээр 273 зорчигч ирнэ. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ хүлээн авахаар зөвхөн транзитаар ирж байгаа зорчигчдыг энэ нислэгээр хүлээн авна. Энэ нислэгээр УОК-аас тавьсан 5 шаардлага бий. Дээр нь оюутан сурагчдаа авах иргэдийн хүсэлтийг харгалзсан. Энэ нислэгээр ирэх 273 зорчигчоос

-Эрүүл мэндийн шалтгаантай 23 хувь

-Жирэмсэн 10 хувь

-Өндөр настан, асран хамгаалагч нь хамт яваа 24 хувь

-Хөгжлийн бэрхшээлтэй 2  хувь

-Бага насны хүүхэдтэй гэр бүл 26 хувь

-Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 15 хувийг эзэлж байна.

Ер нь 3 удаагийн нислэгээр

  1. Эхний буюу Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч

  2. Тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч

  3. Тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.

Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь бага насны хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнээ аваад явж байгаа гэж ойлгож болно. 05 сарын 01-нд Солонгос улсад суугаа иргэдээс ирэх зорчигчдыг бас ангилсан. УОК-оос тавьж байгаа шаардлагаас гадна БНСУ-ын Хууль зүйн яамнаас мөн шаардлага тавсан. Тэр нь визийн хугацаа хэтрүүлээд, саатуулах байранд байгаа 33  иргэн бий. Эдгээр иргэнийг энэ удаагийн нислэгт зайлшгүй багтаах шаардлага тавьж байгаа. Үүнээс гадна визийн хугацаа хэтрүүлээд өршөөлийн сард буцсан тохиолдол дахин Солонгос явах виз мэдүүлэх боломжтой болдог. Энэ арга хэмжээнд хамрагдаж байгаа 200 гаруй иргэн бий. Эдгээр иргэдээс мөн боломжоороо авах саналыг Солонгосын тал тавьсан. Тэгэхээр тэр улсаас тавьж байгаа хүсэлтийг харгалзан үзэхээс өөр аргагүй.

Ингээд ангилахад 05 сарын 01-нд ирэх нислэгээр

  • Эрүүл мэндийн шалтгаантай 23 хувь
  • Жирэмсэн 13 хувь
  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 5 хувь
  • Хөгжлийн бэрхшээлтэй 7 хувь
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 20 хувь
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай буюу оюутан сурагч 20 хувь
  • Саатуулагдсан иргэд 12 хувь байна.

Европын орноос ирэх нислэгт буюу Тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Үүний

  • Эрүүл мэндийн шалтгаантай 12 хувь
  • Жирэмсэн 15 хувь
  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 20 хувь
  • Хөгжлийн бэрхшээлтэй 1 хувь
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 29 хувь
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай буюу оюутан сурагч 23 хувь байна.

68 настай иргэнийг авч байгаа. Гэхдээ тэр иргэнийг авсанаар шаардлага хангасан 1 иргэн үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 1 иргэн баярлаж, нөгөө нь гомдон үлдэж байгаа хэцүү шийдвэрүүдийг комиссийн гишүүд гаргаж байна.

УОК-д ирж байгаа өргөдөл дээр эрүүл мэндийн шалтгаан зонхилж байгаа. Тиймээс ЭМЯ, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаад аль нь хуурамч вэ гэдгийг тогтоогоод явж байна.

Ингээд иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаад МИАТ компанид хүргүүлсэн. Гэсэн ч транзит нислэгийн хувьд асуудал гарсан. БНСУ-аас транзит нислэгээр ирж байгаа иргэдэд нэмэлт шаардлага тавьж өөр улсаас ирж байгаа иргэн 24 цагаас илүү хугацаагаар Инчеон олон улсын нисэх онгоцны буудал дээр байлгахгүй байх болсон. Тиймээс транзит нислэгийн хувьд онгоц наашаа хөөрөх хүртэл нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох магадлалтай" гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр "Зорчигчдыг сонгоход бид маш түвэгтэй шийдвэрүүдийг гаргаж байгаа. Зургаан сартай жирэмсэн эмэгтэйг авчрах уу эсвэл хоёр сартай жирэмсэнг нь авчрах уу, хавдрын сүүлийн шатанд орсон хүнээ авах уу, эхний шатандаа байгааг сонгох уу гээд маш хэцүү сонголтуудыг хийж байна" гэлээ.

BUZZNEWS.MN