УОК: Хөл хориог тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгалаа

Улсын онцгой комисс өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар энэ сарын 30-нд дуусч байсан хөл хориог сунгаж, тавдугаар сарын 31-ийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. 

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Нөхцөл байдал улам амаргүй болж байна. Дэлхий дахинд тархаж байгаа цар хүрээ, хурд улам нэмэгдэж байна. Дэлхий дахинд нийт 3 сая 64 мянган хүн шинэ коронавирусийн халдвар авсан байна.

Манай хойд хөршид нийт халдвар авсан хүний тоо 87147 болж өдөрт 6198-р нэмэгдсэн байна. АНУ, БНХАУ, Энэтхэг8 БНСУ зэрэг манай улстай ойр харилцдаг улсуудын нөхцөл байдал амаргүй байна. Манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 38 болсон байна. Халдвар авсан хүмүүсийн дунд эхний хоёр шинжилгээ сөрөг гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч буй тохиолдол гарч байна. 14 хоногийн дараа шинжилгээ авахад эерэг гарч байна. Вирусийн хоруу чанар нь хурдан өөрчлөгдөж байна. Долоо дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад вирус тарах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. 

Тиймээс өнөөдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацаа сунгагдаж байна. Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдээ авна гэсэн шийдвэрийн хугацаа мөн сунгагдаж байна. 

Түүнчлэн мэргэжлийн болон танхимын сургалтууд нээх тухай хүсэлтийг хэлэлцлээ. Олон хүнийг бөөгнөрүүлэлгүй дэг журамтай байх хэрэгтэй. Гэхдээ энэ долоо хоногт болох УОК-ын хурлаар энэ асуудлыг эцэслэн шийдэж, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон.

Иргэдээ авах ажлыг үе шаттай зохион байгуулна. БНСУ руу хоёр удаа, Европ руу нэг нислэг хийнэ. Мөн ОХУ-аас оюутнуудаа татан авчрах ажлыг хийнэ.

Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо тасралтгүй нэмэгдсээр 9890-д хүрээд байна. Эхний ээлжинд эмчилгээ хийлгэхээр явсан, өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авчрахаар болсон.

ЭСЯ-ны гадаа суулт хийлээ гээд тусгай үүргийн онгоцны тоо, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй. Тиймээс аль болохоор хүндэтгэн үзэх шаардлагатай иргэдээ нэн тэргүүнд авчирч байгаа. Энэтхэг рүү нислэг хийж чадахгүй байна. Тэнд байдал үнэхээр хүнд байна. Нэг л боломж байгаа нь Энэтхэгт байгаа хүмүүс дамжин нислэгээр БНСУ-д ирэх юм.