УОК: 04 сарын 30-нд Сөүл-Улаанбаатар, 05 сарын 02-нд  Герман улсын Франкфурт-Улаанбаатар нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, ойрын хугацаанд 2 үүргийн онгоц хөөргөхөөр болжээ. Энэ тухай УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.

Түүний хэлж байгаагаар 04 сарын 30-нд Сөүл-Улаанбаатар, 05 сарын 02-нд  Герман улсын Франкфурт-Улаанбаатар нислэг үйлдэхээр болжээ.

Эх орондоо ирэхийг хүссэн иргэдэд өмнө нь тавигдаж байсан 5 шаардлагаа тавих гэнэ. Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа заавал шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэдгийг онцоллоо.

Иймээс нислэгээс 9 хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл хийж байгааг тэрбээр хэлсэн юм. Шуурхай штаб дээр эх орондоо иргэдийг авчрахтай холбоотой өргөдөл, гомдол их ирсэн гэнэ. Өмнө нь ирсэн гомдол, өргөдлүүд ч байгаа тул ажлын хэсэг байгуулжээ. Улмаар өргөдөл, гомдлуудад дүн шинжилгээ хийхээр болсон байна.

Мөн гадаадад байгаа иргэдэд анхааруулахад шинжилгээг заавал 48 цагийн дотор хийлгэсэн байх шаардлагатай гэнэ. Нислэг болохоос 48 цагийн өмнө гэсэн үг. Үүнээс өмнө хийлгэсэн шинжилгээг авч хэлэлцэхгүй болохоо онцолсон.

Түүнчлэн 18 наснаас дооших оюутнуудыг татаж авна. Гэхдээ мөн шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаа тавина.