Шатахуун түгээх станцуудад шалгалт хийнэ

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас МХЕГ, Газрын тос, ашигт малтмалын газар, Стандарчлал хэмжил зүйн газартай хамтран шатахууны импортлогч байгууллагуудад шалгалт хийхээр болсноо мэдэгдлээ.

Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны үнийг тодорхой хэмжээнд бууруулсан билээ. Гэвч шатахууны чанар муудаж, дүүргэлт хангалтгүй болсон гэх мэдээлэл цахим орчинд тархаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор дээрх байгууллагууд хамтран 2 ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийхээр болсон байна.

ШӨХТГ-аас “Хэрэглэгчдийг бухимдуулж, автомашины эзэмшигчдийг хохироож байгаа байж болзошгүй үйлдэлд шалгалт хийхээр боллоо. Үүнд иргэдийн төлөөллийг мөн оролцуулан хөндлөнгийн хяналт хийлгэхээр төлөвлөж байна” гэлээ.

Ингэхдээ бүх шатахууны түгээх станцад шалгалт хийж чадахгүй тул түүврийн аргаар хяналтыг хийх гэнэ. Тухайн түүврийн аргаар сонгогдсон шатахуун түгээх станцад шалгалт хийж байх үеэр үйлчлүүлж байгаа иргэдийг хөндлөнгийн хяналт болгон оролцуулах гэнэ.

Мөн эл шалгалтад төрийн бус байгууллагууд хөндлөнгийн хянагчаар ажиллах боломжтойг онцолж байсан юм.

Мөн А92 шатахууны оронд дизиль шахаж байна гэх гомдлыг хүрээнд Ашигт малтмалын газрын тосны газрын лабораторид сорьц авч шинжилгээ хийж, чанарын үзүүлэлтийг ч мөн шалгахаар болжээ.

Харин дүүргэлт дутуу, шахалт муу байгаа асуудалд Стандарт хэмжилзүйн газар шалгалт хийх гэнэ. Шатахуун түгээх станцууд лац, ломботой байдаг аж. Иймээс дутуу шахаж байгаа эсэхийг мөн шалгаж, гарсан зөрчлийг олон нийтэд мэдээллэх гэнэ.

buzznews.mn