С.Чинзориг: Засгийн газраас ямар ААН болон ажилтныг НДШ-ээс чөлөөлөх журмыг баталлаа

Засгийн хуралдаанаар ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого нь 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200.000 төгрөг гурван сарын хугацаанд олгоно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, зургаан сараар хариуцан төлөхөөр боллоо. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлөх аж. Түүнчлэн энэхүү журам батлагдсан учраас  Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ. Мөн НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Өртэй бол хүү, алданги тооцохгүй гэдгийг онцолсон.  

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өгөхдөө  "УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, орлогыг нэмэх чиглэлээр тогтоол гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэгтэй холбоотой хуулийг гаргасан. Гурван сарын хугацаатай ажилчдад 200 мянган төгрөг өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журмыг баталлаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. Үүнд ямар байгууллага хамаарах вэ гэвэл Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна. Мөн Төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна. Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна" гэсэн юм.