Ё.БААТАРБИЛЭГ: УОК хуралдаж, их дээд сургууль, цэцэрлэг, ЕБС, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

Улсын онцгой комиссийн хуралдаан дөнгөж сая боллоо. Хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн бөгөөд энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хотын дарга Ц.Амарсайхан нар талаар мэдээлэл хийж байна.  

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:

“Эрээнд байгаа 50 иргэний асуудлын талаар хэлэлцлээ. Гуравдугаар сарын 25-нд 50 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Энэ сарын 10-нд Өвөрмонголын Онцгой комисс манай иргэдийг хилээрээ нэвтрүүлж Монгол руу оруулах шийдвэрийг гаргаад байна. Энэ хугацаанд асуудлыг нарийвчилж судалж үзээд иргэдтэйгээ холбогдож, судалгаа хийгээд өнөөдөр Улсын онцгой комисст орууллаа. Маргааш өглөө 50 иргэнээ татаж авахаар Эрээн Замын-Үүд боомтоор татаж авахаар шийдвэрлэлээ.

Энэ иргэдийн 50 иргэнээс 26 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй.

  • 0-5 насны 4 хүүхэд
  • 5-18 насны 3 хүүхэд
  • 18-30 насны 17 хүн
  • 35-45 насны 18 хүн
  • 50 дээш насны 6
  • Өндөр настан 2 хүн байна.

Мөн гадаад байгаа иргэддээ ямар хэмжээгээр туслалцаа дэмжлэг үзүүлэх, нөөц бололцоо хэр байгаа талаар хэлэлцсэн. Манай яам өөрийнхөө саналыг танилцууллаа. Улсын онцгой комиссийн даргаас өгсөн үүргийн дагуу өөрсдийн саналыг боловсруулж танилцуулаад Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтраад энэ саналаа нарийвчлан судлаад, ойрын хугацаанд УОК-ийн даргад танилцуулахаар боллоо” гэлээ. Түүчнлэн цаашдаа эх орондоо ирэх хүсэлт гаргасан 6000 гаруй иргэний асуудлыг хэрхэх талаар салбарын сайд “Бямба гарагт иргэдийнхээ тоог ярьж байхад 6000 гаруй байсан. Энэ тоо байнга өөрчлөгдөж байна. Өнөөдрийн байдлаар 7888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор эрсдлээ нарийн тооцож байна. Иргэдээ аль болох орхихгүй боломжоороо татан авах ажиллагааг хийнэ. Гадаадад байгаа монголчуудаас халдвар авсан 9 иргэн бий гэв.

БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг энэ сарын 30-ныг хүртэл зогсоосон шийдвэрийг сунгаж, ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах чиглэл өгсөн. Энэ дагуу УОК хуралдаж, их дээд сургууль, цэцэрлэг, ЕБС, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа. Гэхдээ зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээл үргэлжлэнэ. Комиссоос хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж ойлгож болно. Монгол хэл бичгийн шалгалт авсан хүүхэд ЭЕШ-д орох шаардлагыг энэ жил өнжиж байна. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй” гэв.