Т.Бадрал: 43 орноос 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Улсын онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал

Нийслэлийн хэмжээнд 5 эмнэлэг, 4 сувилал, 6 амралтын газар, 10 зочид буудал, 1 Элчин сайдын яам гээд нийтдээ 26 тусгаарлах байранд 2.714 иргэн байсан. Орон нутагт нийтдээ 13 аймгийн хэмжээнд 1469 иргэн байсан. Өнөөдрийн байдлаар  1399 болсон. Энэ хүмүүс Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагын дагуу хяналтад орж, оношлогоогоо хийлгэж байгаа.

Саяхан Зам-Үүд, Сэлэнгэд сэжигтэй тохиолдлууд илэрсэн. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдөр өглөө Дарханд оношлуур зөрүүтэй гарсан нэг тохиолдол бий. Эцсийн хариу гаргахаар мөн ажиллаж байна.

Тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудал олон хүний анхаарал татаж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 43 оронд 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Орон орноор нь гаргавал:

  • Солонгос улсад 2000 орчим
  • АНУ-аас 1270
  • Австрали 906
  • Казахстан 560
  • Энэтхэг 549
  • Турк 437
  • Их Британи болон Умард Ирландын вант улсад 365
  • Японоос 300 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

 Дотор нь ангилж авч үзвэл:

  • Бага насны хүүхэдтэй 830
  • Эрүүл мэндийн шалтгаантай 86
  • Өндөр настан 278
  • Жирэмсэн 32
  • Бага насны хүүхэд 307
  • Оюутан 973
  • Богино хугацааны визтэй 215
  • Байрлах газаргүй болчихсон 409
  • Санхүүгийн боломжгүй болсон 89
  • Бусад 4413 иргэн байна.

Хамгийн түрүүнд татаж авах шаардлагатай гэж үзэж байгаа хүмүүс нь дээрх ангилалд багтсан иргэд.

Гадаадад байгаа иргэд маань эх орон руу татах авахыг хүссэн хүсэлт, нөгөө талаас гадаадаас иргэдээ битгий авчраад бай гэсэн бас хүсэлт их. Ийм хайчин дээр Улсын онцгой комисс, Засгийн газар, Шуурхай штаб ажиллаж байна. Монгол Улсын төр, Засгийн газар иргэнээ татаж авахын төлөө ажиллаж байгаа. Онгоц татаж авах боломжгүй хэд хэдэн асуудлын талаар Гадаад харилцааны сайд танилцууллаа. Нислэгүүдтэй холбоотой асуудлууд байна. Зарим улс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ улам чангатгаж байна. ОХУ 34000 иргэнээ татан авах ажиллагаа явагдаж байсан боловч үүнийгээ зогсоож байна. Хүсэлт гаргасан иргэд нь байхгүй, хоосон онгоц буцаж ирсэн тохиолдол ч гарсан байна. Зарим голомт өндөртэй газраас иргэдээ татан авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Өнөөдөр бид дараагийн чартер нислэгийнхээ төлөвлөгөөг хийж байна. Дараагийн нислэгийг Сөүл рүү энэ сарын 17-нд хийхээр төлөвлөн ярилцаж байна” гэлээ.

buzznews.mn