Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ 60 тэрбумын схем зурчихаад байна

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ сонгуулийн дэнчингийн мөнгөний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие төрж өссөн Баянхонгор аймагт нэр дэвшихээр 2019.12.15-нд 40 сая төгрөг тушаасан.Дараа нь 2020.01.31-ны дотор дараагийн 30 сая, 2020.03.01-ний дотор сүүлийн 30 сая төгрөгийг тушаасан. Ингэснээр дэнчингийн 100 сая төгрөгийг тушаасан. Энэ мэтчилэн Үндэсний бодлогын хорооны гишүүд дэнчингийн мөнгөө тушаасан.

Хэвлэлээр зарлагдсан шиг 180 хүн тушаасан эсэхийг мэдэхгүй. Манай нам тэгж мэдээллээ алдаж, ил гаргаад байхааргүй. Тэгэхээр худал мэдээлэл байж магадгүй. Хэдэн хүн мөнгө тушаасаныг С.Эрдэнэ дарга мэднэ” гэлээ.

Тэрбээр энэ хэвлэлийн хурлыг намынхаа нэр хүндийг харлуулах зорилгоогүй хийгээгүй бөгөөд С.Эрдэнийг хувь хүн талаас нь хандаж, дээрх мэдээлэл, шаардлагыг хүргүүлж байгаагаа онцолсон юм.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Хичнээн боловсролтой, мэдлэгтэй байгаад мөнгөгүй бол нэр дэвшиж чадахгүй гэдгийг С.Эрдэнэ мэдэгдсэн. Энэ бол Үндсэн хуулийн тулгуур заалтуудыг зөрчсөн үйлдэл.

АН гишүүдээ үзэл бодлоор нь бус мөнгөөр уралдуулж байна. Үүнийгээ зогсоохыг С.Эрдэнэ даргаас шаардаж байна” гэсэн юм.

Түүнчлэн дэнчингийн мөнгөн дээр дахин 400 сая төгрөг нэхэж, гэрээ байгуулсан гэнэ. Энэ талаар тэрбээр “Үндэсний аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Ингэхдээ 400-700 сая төгрөгийн зардлуудыг гаргасан байдаг. Манай аймагт 388 сая төгрөг байхаар баталсан. Ингэснээр С.Эрдэнэ 2 дугаар шатны мөнгийг шаардаж, гэрээ байгуулсан.

Өмнөх дэнчингийн мөнгө болох 100 сая төгрөгийг 100 гаруй хүн тушаасан гэвэл 10 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр АН сонгуулийн зардлаа тооцоолж байтал дахин хөрөнгө босгох шаардлага үүссэн.

Иймээс С.Эрдэнэ дарга хүч түрч хоёр дахь гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээ байгуулахгүй бол нэр дэвших боломжгүй гэх байдлаар дарамталсан. 2 дугаар шатны гэрээ байгуулсанаар 10, 20, 20 гэх байдлаар 05 сарын 01-ний дотор 3 үе шаттайгаар 400 орчим сая төгрөг тушаах болоод байна.

Энэ мөнгийг тушаачихаад мандатаа авч чадахгүй бол яах уу гэж С.Эрдэнэ даргаас асуусан юм. “Хохино” гэсэн.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ МАН-ынхны зурсан шиг 60 тэрбум төгрөгийн схемийг зурчихаад байгаагаа нотолчихоод байна. Үндэсний бодлогын хороо мөнгө баталдаг байгууллага болж хувираад байна. Ингэхдээ С.Эрдэнийн шахалтаар. Үндэсний бодлогын хорооны 51 хувь нь С.Эрдэнийн тойрон хүрээлэл болох хамаатан садан нь байдаг. Тиймээс аливаа асуудлыг хүч түрэн шийдвэрлэдэг” гэлээ.

Мөн намын байр байрлаж буй “Шонхор таур” нь С.Эрдэнийн хувийн өмч бөгөөд хэрэглээг намын байгууллагын санхүүжилтээс хийдэг аж. Жилдээ гишүүнчлэлийн мөнгө хэмээн 2-3 тэрбум төгрөг цугладаг. Намын байрны өнгө үзэмж өдөр ирэх тусам сайжирч байгаа ч гишүүдийнх нь байдал дээрдэхгүй байгааг ч тэрбээр онцолж байсан юм.\

buzznews.mn