Д.Дамба-Очир, Г.Султан нарыг хууль бусаар зээл авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын Ерөнхий прокурорын газраас 1 дүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

"Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахад албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох болон Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэг тус тус 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алханхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль өгсөн, авсан хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Султан нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн байгууллагад шилжүүлсэн.

Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байна

Цахим сүлжээ ашиглан бусдыг залилан мэхэлсэн үндэслэлээр Хятадын 23 иргэнийг яллагдагчаар татсан хэргийн мөрдөн байцаалт дуусч прокурорын байгууллагад ирсэн. Энэ хэргийг хянаж байна.