Ө.Энхтүвшин: Гадаадад байгаа Монгол иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байна

Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.  Мэдээллийг  Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар хийв.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 Бид нислэг болгоны өмнө урьдчилсан бэлтгэл хангадаг. Онгоц дотор мэргэжлийн байгууллагын хоёр хүн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн халууныг үзэж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бусад зорчигчдоос тусгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа.  Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай 10 гаруй, хүүхэд 10 гаруй, дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн. 

Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдана

Шадар сайд Ө.Энхтүвшин: 

Дэлхийн томоохон улсуудад байдал улам хүнд болж байна. Бусад улсад л тархалт үгүй болж байж л манай улсад эрсдэл үүсэх магадлал буурна. Тиймээс тайвширах болоогүй. Гадаадад байгаа манай иргэдийн байдал маш хүнд болж байна. Байрнаасаа хөөгдсөн, ажилгүй, орлогогүй болсон. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл их байгааг хэлж байна. Хүүхдээ салхилуулж, дэлгүүр ч гарч чадахгүй байна гэнэ. 

Нислэгийн хэлэлцээтэй орнууд руу л нислэг үйлдэх боломжтой. Дараагийн нислэгийг 04.08-ны өдөр БНСУ руу хийнэ. Ойр ойрхон тусгай үүргийн нислэгийг хиймээр байв ч бидэнд нисэх багийн хүчний хомсдол бий учир боломжгүй юм. 

Өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 266 зорчигчийн 56 нь дамжин ирлээ. АНУ-д суралцаж байсан оюутнууд, мөн Европын орноос иргэд дамжин ирсэн. Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа. Яаралтай шинжилгээнд оруулна. Бүх иргэдээ оношилгоонд оруулна. Хэд, хэдэн оношилгоонд оруулж байж, 21 хоногийн тусгаарлалтаас гаргах эсэхийг шийднэ. Бүх зүйл хяналтад байна.

Бид иргэдээ Япон улсад байхад нь оношлох хүсэлт тавьсан ч Японы тал хүлээн зөвшөөрөөгүй. Япон улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан бичигт “Японы нутаг дэвсгэрт оношилгоо үзүүлэх үйлчилгээ үзүүлэх боломжгүйг мэдэгдье гэсэн. Япон улс дахь Монголын Элчин сайдын яаманд иргэддээ оношилгоо хийлгэх боломжтой юу гэсэн хүсэлт тавьсан, бас хүлээн зөвшөөрөөгүй.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас Монгол Улсын 6000 гаруй иргэн нутаг буцах хүсэлт илэрхийлээд байна. Богино хугацааны визтэй, байр, санхүүгийн асуудалтай гэх мэт шалтгаантай хүмүүс байна. Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй удсан гурван хүүхэд Монголдоо ирсэн. Японы Шизүока хотод паралимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь ханган, бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй. Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Япон улсад халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас манай иргэдээс шинжилгээ аваагүй.

buzznews.mn