САЙН ТҮЛШ: Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж ажилласны үр дүнд агаарын бохирдлыг 54 хувиар буурчээ

Засгийн газрын А62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А1016 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлшний хэрэглээг өнгөрсөн аравдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд буюу 2019 оны 10 дугаар сарын 1-нээс энэ оны 04 сарын 1-н хүртэл нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн байдал зарласан. Өндөржүүлсэн байдлын арга хэмжээ өчигдрөөр дуусгавар болж байгаа юм. Энэ хугацаанд нийслэлийн харьяа байгууллагуудын хүрээнд хийгдсэн ажлын тайлангаа тавив.

Мэдээллийн эхэнд Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “ҮАБЗ-ийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны нийслэлийн агаарын бохирдлын тухай зөвлөмжөөр агаар, ус, хөрс гамшгийн хэмжээнд хүрсэн гэж Онцгой байдлын горимоор ажиллах зөвлөмж өгсөн. Зөвлөмжийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг 10 сарын 02-ны өдрөөс 04 сарын 1-н өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, шаардлага арга хэмжээг авч ажилласан.

Засгийн газрын 2018 оны А62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А1016 захирамжийн хүрээнд  нийслэлийн онцгой комисс, төр захиргааны байгууллагууд, нийслэлийн төв штаб 24 цагаар ажилласан. Энэ хугацаанд танилцуулах мэдээллийг холбогдох газруудад хүргэж ажилласан” гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ бүх ажилд нийслэлийн албан хаагчид ажилласан. Угаарын хийн хордлогын дуудлага нийт 622 өрхийн 1518 иргэн, 2020 лны 01 сарын 1-нээс 03 сарын 31 хүртэл 354 өрхийн 1041 иргэн, нийт 976 өрхийн 25559 иргэн эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ авсан.  Урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтраад 7 хоногт 2 удаа хэвлэлийн хурал хийж, 4300 төрийн албан хаагч хяналт шалгалт тавьж ажилласан. Үүрэн холбооны операторуудаар мөн сэрэмжлүүлэг мэдээллийн мессежийг хүргүүлсэн.

Одоогийн байдлаар 135 мянган  угаар мэдрэгчийг тараагаад байна. 04 сарын 20-н гэхэд үлдсэн 65.000 угаар мэдрэгч ирж, тараагдана. Коронавирусийн халдвараас үүдэн угаар мэдрэгч тараах ажил жаахан хойшилсон. Гэхдээ үргэлжлүүлэн тараана” гэлээ.

Сайжруулсан түлшний 31 дээжийг ОХУ, Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудын лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний хариугаар техникийн шаардлага хангасан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодис илрээгүй гэлээ. Мөн сайжруулсан түлшний барьцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний бие болон байгаль орчинд хортой химийн бодис илрээгүй.

Хөдөлгөөнт эргүүлийг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд ажиллуулсан. 2358 албан хаагч эргүүлд ажилласан байна.

Төрийн албан хаагчид 210 мянган айл өрхөөр орж, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, аюулгүй аижллагааны зааварчилгаа өгч ажилласаны хүчинд гал түймрийн дуудлага 33.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж ажилласны үр дүнд агаарын бохирдлыг 54 хувиар бууруулсаныг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мөн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажилласан. Энэ хугацаанд “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 24 цагаар мөн Авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоо, агаарын чанарыг сайжруулах 154 хороо, угаарын хий хордлогыг урьдчилан сэргийлэх штаб ажиллуулсан. Түлшний хангамжийн бааз, дундын бааз, борлуулалтын цэгүүдэд хяналт тавьж ажилласан.

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 2018 оноос хойш ОХУ, Солонгос, Хятад, геологийн төв лабаоратори, хими, химийн технилогийн лабораториудад 84 дээж авч стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн” гэлээ.

Тэрбээр “2019 оны 05 сарын 01-нээс 2019 оны 10 сарын 01 хүртэл Улаанбаатар хотод хулгайгаар тээвэрлэн орж ирсэн 129 тээврийн хэрэгслийн  3542 тонн түүхий нүүрсийг илрүүлсэн. Улмаар тэдгээр жолооч нарт цаашид ийм зөрчил гарахгүй байхыг анхааруулан, тээврийн хэрэгслийг буцаан олгосон.

Харин 2019 оны 10 сараас эхэлсэн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хулгайгаар тээвэрлэгдэн орж ирсэн 389.2 тонн түүхий нүүрсийг цагдаагийн байгууллагатай хамтран илрүүлж, Амгалан дулааны цахилгаан станцад төвлөрүүлсэн. Улмаар жолооч нарыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажилласан.

Түүхий нүүрс түлсэн 115 зөрчлийг илрүүлэн 198 тонн түүхий нүүрсийг илрүүлэн Зөрчлийн хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэжээ.

Угаарын хийн хордлогод өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийт 979 өрхийн 2865 иргэн өртсөн. Сууцны төрлөөр нь авч үзвэл гэрт 62.8, байшин 67.2 хувь байжээ. Зуухны төрлөөр нь авч үзвэл энгийн уламжлалт зуух 71.7 хувь, төслийн  зуух 23.6, нам даралтын зуух 4.7 хувийг эзэлж байна.

Угаарын хийн хордлогын шалтгаанаар нь авч үзвэл зуух пийшин эвдэрсэн 17.8 хувь,  нь яндангийн сойлтоо хаасан 16.8, түлш хэт дүүргэсэн 12.6, яндангийн холбоос завсартай 10.6, үнсний сав дүүрсэн 8.4, яндан намхан 8.8 хувийг эзэлсэн байна. Зуух яндангаа хөөлөөгүй битүүрсэн 9.6 хувийг эзэлжээ.

Улаанбаатарын захуудаар стандартын бус зуухуудыг худалдаалахгүй байхад анхаарч, хяналт тавьж ажиллана гэлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүд их хэрэгждэг байсан. Гэсэн ч өнөөдрийнх шиг нүдэнд илт харагдахуйц үр дүн гарч байгаагүй талаар онцлов. Энэ жилийн тухайд агаар дахь тоос тоосонцорын агууламж 60 хувиар буурсан байна. Мөн нүдэнд харагдахуйц илт үр дүн гарсаныг тэрбээр онцлон тэмдэглэв.