Тусгай үүргийн 3 онгоц илгээж иргэдээ эх оронд нь авчирна

Улсын Онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Учир нь, ирэх сарын эхээр 3 удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар болсон бөгөөд ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Өмнө нь таван удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ эх оронд нь авчирсан. Одоогийн байдлаар дэлхийн улс оронд тархан суурьшсан нийтдээ 4,805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ дипломат төлөөлөгчийн газруудад гаргасан байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа. Олон улсын хэмжээнд 100 гаруй улс иргэдээд бусад улс орноос татаж авч байна.

Австрали улсын Засгийн газрын хүсэлтээр өнөөдөр тус улсын 6 иргэнийг эх орон руу нь явуулах ажлыг зохион байгууллаа. Мөн БНСУ-аас иргэдээ авах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ дагуу энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр 200 орчим солонгос иргэнийг явуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

ОХУ-аас орж ирэх иргэдээ энэ сарын 28-ны 08.00 цагт авах ажиллагаа зогсоно. Тусгай нислэгийн тухайд:

• Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу эхний тусгай үүргийн онгоц хөөрнө.

• Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,

• Дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ.

Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байна. Солонгос руу хоёр удаагийн нислэг үйлдэж байгаа нь эх орондоо хүсэлт гаргасан 4000 гаруй иргэний 50 хувь нь буюу 2000 нь Сөүлээс ирэх хүсэлтээ гаргасан. Мэдээж хүсэлт гаргасан бүх иргэнийг авчрах боломж одоогоор хомс байна.

Өмнө нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс халдвар илэрч байна. Эрсдэл маш өндөр байна. Тусгаарлалтад байгаа иргэдийн хугацааг сунгах хүсэлт их гарч байгаа. Ямар ч байсан одоогийн байдлаар 14 тусгаарлагдаж, дахин гэртээ тусгаарлагдах зөвлөмж гаргасан. Харин ирж байгаа иргэдийн хувьд шууд хамгийн багадаа 21 хоног тусгаарлагдана.

Тавигдах шаардлагын тухайд 21 тусгаарлагдах төлбөрөө эхний ээлжинд төлнө. Мөн тухайн улсад заавал шинжилгээнд хамрагдах учиртай. Шинжилгээний бичгийг үндэслэж онгоцонд суулгана. Мэдээж энэ бүхэнд хүндрэл гарна. Гэсэн ч иргэд маань заавал биелүүлэх үүрэгтэй” гэлээ.

BUZZNEWS.MN