Т.Бадрал: Нөхцөл байдал маш хүнд байна. Энэ цаг үеэс эхэлж гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Нөхцөл байдал хэцүү байдалд орж байна. Коронавирусийн халдвар 150 гаруй оронд бүртгэгдлээ. Европ тив голомт нь болчихлоо. Цар тахал маш хурдацтай тархаж байна. Бид цаашдаа олон онгоц хүлээж авахад төвөгтэй болж байна. Өнөөдрийн Берлин-Москвагийн онгоцоор ирсэн иргэдийг дунд тодорхой шинж тэмдэгтэй хүмүүс ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Маш том эрсдэл Европод байгаа учир энэ цаг үеэс эхэлж, гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй. Хэдий болтол хүлээж авахгүй байх вэ гэдэгт хугацаа хэлэх боломжгүй байна. Зөвхөн ОХУ-аас орж ирж байгаа хүнсний тээвэрлэлттэй холбоотой тээврийн жолооч нарыг оруулах асуудлыг ярьж байна. Цаашдаа иргэдээ бүгдийг нь хүлээн авах боломжгүй. Өнөөдрийн байдлаар гуравдахь онгоцоор иргэдээ хүлээж авна. Европт нөхцөл байдал маш хүнд байгааг сайн бодолцох хэрэгтэй. Мөн тусгаарлагдаад гарч байгаа иргэд төлбөрийн асуудлаа шийдээгүй байна. Гэрийн хаягаар нь төлбөрийн нэхэмжлэх очно. Мөн төлөхгүй бол хуулийн байгууллагаар энэ асуудлыг ярих болно. Тиймээс өнөөдрийн дотор төлбөрөө төлөх үүргийг иргэддээ өгч байна. Иргэд ухамсартай хандахыг сануулж байна. Дараа дараагийн иргэдийг хүлээн авахад хүндрэл үүсч байна” гэв. 

Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газраас "Коронавирусийн үеэр худал мэдээ тараасан, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээсэн, хорио цээрийн дэглэм зөрчсөн гэх 43 гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнээс цахим сүлжээнд илт худал мэдээлэл түгээсэн 17 мэдээлэл байна. Үүний 13-ыг нь ШӨХТГ-т шилжүүлсэн. Жишээ нь, Завхан аймагт нэр бүхий 9 хүн хоёрдугаар сарын 25-нд хурдан морины уралдаан зохион байгуулсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 150, 150 мянган төгрөгөөр торгосон гэв.