Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ хэрэглэгчийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл манай улс энэ жил, эл өдрийг "ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь яг одоо дэлхий дахиныг Шинэ төрлийн короновирус СOVID- 19 халдвар түгшээгээд байгаа.

Манай улс ч энэ цар тахалаас урьдчилан сэргийлж, хорио цээрийн онцгой дэглэм тогтоогоод буй бөгөөд энэ цаг үед хүүхдүүд хамгийн аюулгүй газар гэж бодсон гэртээ гэмтэж бэртэх, аюул осолд орсоор байгаа юм. Энэ тухай ганцхан тоон мэдээ хүргэхэд улсын хэмжээнд жил бүр 20000 гаруй хүүхэд зөвхөн гэртээ гэмтэж бэртэж байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.
Иймээс ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, 21 аймаг нийслэл 9 дүүргийнхээ салбар нэгжүүдээрээ болон Аймаг нийслэлийн Засаг дарга Хүүхдийн төлөө зөвлөлөөрөө дамжуулан нийт эцэг эхчүүддээ хандан хүүхдийнхээ АЮУЛГҮЙ байдлыг хангахын тулд гэрийнхээ аюулгүй байдлыг шалгахыг анхааруулж байна.
Магадгүй ТАНЫ хамгийн ХАЙРТАЙ үрс тань гэртээ ямар нэгэн эрсдэл дор байгаа юм биш биз?
Иймээс яг одоо ТА бүхэн орон гэрийнхээ аюулгүй байдлыг шалган үзээд эрсдэл дагуулах ямар нэг зүйл байвал нэг даруй арга хэмжээ аваарай.
Ташрамд мэдээлэхэд 2020 онд энэхүү арга хэмжээг БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбооны мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Дэлхийн зөн болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Хүүхэд эрхэм хэрэглэгч” уриан дор зохион байгуулж байгаа юм.