Л.Наранбаатар: 5 байрны 8 давхарууд нь З.Хишигтогтохын эзэмшлийнх

Эдийн засагч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд болон түүний төрсөн дүү З.Хишигтогтох нартай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм.

Тэрбээр “Страто” компанийн захирал нь А.Баттүшиг гэж байгаа. А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын найз, бизнесийн хамтрагч нь. З.Хишигтогтох, А.Баттүшиг нарын хамтарсан хоёр компани бий. Энэ хоёр компанийн гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг ажилладаг. Хоёр компани “New century plaza” оффист байрладаг. Өөрөөр хэлбэл, А.Баттүшиг, З.Хишигтогтох нар нэг оффисст суудаг гэсэн үг.

З.Хишигтогтох, З.Энхболд, А.Баттүшиг нарын хамааралтай компани олон хууль бус үйлдэл хийсэн” хэмээн тэрбээр баримтаа танилцуулж эхэлсэн юм.

Баримт-1         

“Страто” компани 2018 оны 5 сард ашиглалтад орж, нүүрс угааж эхэлсэн байдаг. Гэтэл ТЭЗҮ нь 2018 оны 12 сард гарсан байх жишээтэй. ТЭЗҮ батлагдаагүй байхад буюу 7 сарын өмнө үйлдвэр ашиглалтад торж, нүүрсээ угаагаад эхэлсэн. Мөн газрын маргааны асуудал бий. Орон нутгийн иргэд хууль бус газар авсан асуудлаар шүүхдэж байгаа.

“Старто” компанийн 50 хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай.  37 хувь нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хамтрагч А.Баттүшиг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь Монголын хоёр иргэн эзэмшиж байна.

Хоёрдугаарт, “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрсийг нь угааж өгнө гэдэг байдлаар ТЭЗҮ-ээ хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нүүрс угаасан үйлчилгээнээсээ орлого олно гэсэн үг. Түүнээс биш нүүрсний худалдаа хийж орлого олох ТЭЗҮ батлуулаагүй. Гэтэл бодит байдалд “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс худалдан авч баяжуулаад цааш нь борлуулдаг гэж захирал нь хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Хууран мэхлэх замаар ТЭЗҮ-гээ боловсруулж зөвшөөрөл авсан гэсэн үг.  “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос нэг тонн нүүрсийг 79.2 ам.доллараар худалдаж авдаг гэсэн атлаа гэрээгээ үзүүлээгүй.

З.Энхболд 1 тонн нүүрсийг 70 ам.доллараар аваад 140 ам.доллараар зардаг тухай мэдээлж байсан. Энэ үүднээс нь авч үзвэл хэр их хөрөнгө халааслаж байгаа нь харагдана гэлээ. Өдгөө дээрх компани үйл ажиллагаа өргөтгөж байгаа бөгөөд барилгын ажил явагдаж байгааг ч тэрбээр хэлсэн.

Баримт-2

Энэ компанитай холбоотой татварын маргааныг Цэцийн хуралдаанаар “хүчингүй” болгосон явдалд ч мөн З.Энхболд хамаатай гэв.  АН-ын даргын зөвлөх З.Энхболдын эхнэр Хуйль зүй, дотоод хэргийн яаманд ажилладаг аж. Тэрбээр засаг хэдэнтээ солигдож байсан ч тус албан тушаалаасаа хөдөлж байгаагүй гэнэ. Эрхүүд төгссөн эхнэрийнх нь найзууд хуулийн байгууллагад ажилладаг бөгөөд З.Энхболд тэднээр дамжуулан хонгил үүсгэж байна хэмээн Л.Наранбаатар онцолсон. Тэрбээр энэ талаар “З.Энхболдын эхнэр Бат-Өлзий гэж эмэгтэй байгаа. Эрхүүд хууль зүйн чиглэлээр төгссөн. Аль ч нам төр барьж байсан яаманд ажиллаж байдаг хүн. Эхнэрийнх нь найзууд хуулийн салбарт ажилладаг. З.Энхболд цагдаа, прокурор, хуулийн байгууллагад өөрийн хүнтэй болчихсон” гэсэн юм.

Баримт-3

“Хишиг-Арвин” компанийн талаар мэдээлэл хийв. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох “Хишиг-Арвин” хэмээх компанийн захирал. Тэрбээр “Ардчилсан хүчний холбоо гэж бий. З.Энхболд, З.Хишигтогтох, Н.Тулга нар үүсгэн байгуулсан. З.Хишигтогтох энэ компанийн захирлаар ажиллаж байсан. 2013 онд Н.Тулгыг энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Энэ компани 2012 оноос хойш 3 тэрбум төгрөгийн ашиг олсон. Энэ жил 800 тэрбум төгрөгийн тендер авсан. Груван жилийн хугацаанд ажлаа хийж гүйцэтгэхээр” хэмээлээ.

Баримт -4

Мөн тэрбээр мэдээллийнхээ үеэр “Суруга Монгол”-ын талаар онцолсон. Эл компанийн Япон захирлыг хар тамхины хэрэгт хилсээр гүтгэн, цагдан хорих байдлаар сүрдүүлэн, дарамталж, компанийг нь улс төрийн нөлөө бүхий эрхмүүд дээрэмдэн авсан хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Тэрбээр “87 настай япон өвгөн буудалд хар тамхи татаад байж байна гэж юу байх уу. Тийм атал хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан тухай хэвлэлийн хуудсанд бий.  Хамгийн хачирхалтай нь Суруга Монголын захирал Монголоос явахдаа компаниа шилжүүлчихээд явсан байдаг. Эл компани байсан газар хороолол боссон бөгөөд тэр хорооллын 5 байрны 8 давхарууд нь З.Хишигтогтохын эзэмшлийнх. 4-5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцны хороолол шүү дээ” хэмээлээ. Иймээс тэрбээр энэ бүхнийг хуулийн байгууллагад өгөхөөр болсноо мэдэгдсэн юм.

Мөн З.Энхболд нэр дэвшсэн газар очиж өрсөлдөхөө ч энэ үеэр онцолсон.

эх сурвалж: buzznews.mn