Ч.Хүрэлбаатар: Банкууд зээлийн хүүг буулгах, алданги тооцохгүй байхаар хэлэлцэж байна

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоосонтой холбоотойгооор арилжааны банкууд зээлийн хүүг буулгах, алданги, шимтгэл хураамж дээр анхаарч ажиллах талаар Сангийн яамтай хэлэлцээрийн ширээний ард сууж эхэлжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр санаа тавьсан. Нөөц, хуримтлалыг бий болгох чиглэлд ажилласан. Бид тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулж байсан. Ирээдүйн өв санд одоогийн байдлаар 620 тэрбум төгрөг болсон байна. Мөн 8.2 их наяд төгрөгийн өрийг давсан. 

Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэр гаргасан байна. Мөнгөний бодлогын хүүг нэг функтээр буулгаж 10 болгосон байна. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцөө 10.5 хувиас 8.5 хувь болгож буулгахаар болсон байна. Ингэснээр эдийн засаг руу нэлээд их хэмжээний мөнгө гаргах боломжийг бүрдүүлж өгч байна.

Төр засгаас явуулж байгаа бодлогыг ойлгохын зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд тулгараад байгаа асуудалтай холбоотойгоор Банкны холбооны зүгээ Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогтой уялдуулаад хүүн дээрээ өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан. Засгийн газрын хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын холбооны тэргүүн нар оролцсон. Ингээд Банкны холбооны зүгээc Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогтой уялдуулаад аж ахуйн нэгжийн өмнө тулгарч байгаа нөхцөл байдлыг  ойлгон, хүүнд өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй шийдвэр болж гарах байх. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд банкны зээлийн хүүтэй холбоотойгоор тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж найдаж байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой шийдвэр гаргаж байгаа. Зээлийг банкуудаас гадна банк бус санхүүгийн байгууллагууд олгодог. Тэдгээр байгууллагуудад янз бүрийн төлбөр, хураамжаа авахгүй байх. Нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа сунгасан зээлүүд дээр авдаг хүүгээ тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар томоохон ББСБ-тай ярилцаж байна.

Бусад орнуудын төсвийн бодлого дээрээ өөрчлөлт оруулж, эдийн засгаа тэтгэх замаар төсвийн зардлаа нэмэх чиглэлийн бодлого авч хэрэгжүүлж эхэлж байна. Харин манай улсын хувьд зардал хасах тухай ярьдаг. Би Сангийн сайдын хувиар ийм зүйл хийхгүй. Тэр бодлого маань хэвээр байгаа. Агшиж буй зүйлийг улам танах юм бол эдийн засаг улам борцлогдоно. 

ОУВС-гаас коронавирусийн тархалтын үед улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа бодлогыг судалж, харьцуулсан байсан. Үүн дээр коронавирусийн үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого нь цаг үедээ таарсан, зөв хэлбэрийнх гэдэг үнэлэлт өгсөн байсан гэв.

buzznews.mn