Аварга С.Мөнхбат Улсын онцгой комисст 20 сая төгрөг хандивлалаа

Үндэсний бөхийн 20 дахь аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөж, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

Тэрбээр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Улсын Онцгой комиссоос цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалж буйд талархаж байгаагаа хэллээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган албан хаагчиддаа талархалаа илэрхийлж, бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.