Ши Жиньпин: Эрхэм Ерөнхийлөгч Та тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Төрийн тэргүүний суусан тусгай нисэх онгоц Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 14:45 цагт газардсан бөгөөд айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болно хэмээн үзэж байгаа ажээ. 

Тэгвэл төрийн тэргүүний урд хөршид хийж буй айлчалыг тус улсын хэвлэлүүд эергээр мэдээлж байна. Тухайлбал, БНХАУ-ын Олон улсын радиогоос "Хоёрдугаар сарын 27-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ. Ши Жиньпин: Өдгөө Хятад улсын засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм Ерөнхийлөгч та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн байж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг энэ айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчилж байна" гэсэн тухай мэдээлжээ. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ БНХАУ-д Covid19-тэй тэмцэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, Монголын ард түмнээс 30000 хонь хандивлалаа" хэмээн мэдэгдлээ. Хандив өргөх үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч  "Цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна,  Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын талд хандивласан. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм" гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүссэн байна.  Энэ үйл явдлыг Хятадын телевизүүд мэдээлж "Үнэхээр гайхалтай үйл явдал болж байна" хэмээн онцолж байгаа тухай тус улсын хэвлэлүүд онцолсоор байна.