Г.Хэрлэн, Ё.Басхүү нар нэг группт өрсөлдөнө /Шууд дамжуулалт/

“Дюссельдорф-2020” Олон улсын жүдогийн холбооны “Их дуулга” ангилалын тэмцээн Германд өнөөдөр эхлэх гэж байна. Улаанбаатарын цагаар 16 цагт эхлэх тус тэмцээнд 117орны 404 эрэгтэй, 272 эмэгтэй, нийт 676 жүдоч хүч үзэхээр хуран чуулаад байна. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэй -48, -52, -57, эрэгтэй -60, -66 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Энэ өдөр эрэгтэй -60 кг-ын жинд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар, Ази, номхон далай орнуудын АШТ-ий хүрэл медальт ОУХМ Энхтайваны Ариунболд нар хүч үзэх бол -66 кг-ын жинд ОУХМ Ганболдын Хэрлэн, Ёндонпэрэнлэйн Басхүү нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д “Чиндао-2019” Мастерсийн дэд аварга Ганбаатарын Наранцэцэг, -52 кг-д залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Лхагвасүрэнгийн Сосорбарам, Бишрэлтийн Хорлоодой нар хүчүзэх бол -57 кг-д хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа барилдана. Тэднийг хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

-60 кг:Нийт 46 жүдоч өрсөлдөх энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар D хэсэгт сугалаагаар шидэгдэн “Лондон-2012” олимпийн хүрэл медальт Бразилийн Фелипе Китадайтай учраа таарсан. Тэд өмнө нь гурван удаа учраа таарахад манай аварга хоёр ялсан бөгөөд өнгөрсөн оны Антальягийн Гран Прид ялагдал хүлээжээ. Энэ удаад манай аварга ялсан тохиолдолд олимпийн хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такатотой хүч үзнэ. Тэд өмнө нь ердөө ганцхан удаа учраа таарсан бөгөөд 2013 оны Тюмений “Мастерс”-т Н.Такато ялалт байгуулсан юм. Мөн энэ жинд хүч үзэх Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Казахстаны Магзан Шамшадин, Гуатемалийн Хосе Рамос нарын ялсантай учраа таарна. Улмаар ялсан тохиолдолд Азийн наадмын мөнгө, хүрэл медальтнууд болох БНСУ-ын Ли Харим, Тайваний Ян Юү-Вэй нарын ялсантай хүч үзнэ.

-66 кг:Олимпийн наадамд оролцох дотоодын өрсөлдөөнд ширүүн өрсөлдөж буй ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү нар тэмцээний чансааны хоёр болон долоод эрэмблэгдснээр нэг хэсэгт хуваарилагдлаа. Г.Хэрлэн С хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний барилдаанаа Болгарын Бозидар Темелковын эсрэг хийнэ. Энэ бөхийг тэрбээр өнгөрсөн оны Будапештийн Гран Прид ялсан бөгөөд энэ удаад дахин буулгаж авбал -60 кг-д олимп, дэлхийн медальт Узбекистаны Диёрбек Урозбоев, Беларусийн Димитрий Шерман нарын ялсантай учраа таарна. Харин Ё.Басхүүгийн эхний учраа нь Хонконгийн тамирчин байх бол хоёрын даваандаа ОХУ-ын Абдула Абдулжалиловтой хүч үзнэ. Улмаар өрсөлдөгчөө ялсан тохиолдолд Израйлын Таль Фликер, Гүржийн Баграти Ниниашвили нарын нэгтэй шилдэг наймд үлдхийн төлөө хүч үзэх магадлалтай. Манай хоёр жүдоч өрсөлдөгчдөө ялсаар шилдэг наймд шалгарвал их шөвөгт үлдхийн төлөө хоорондоо хүч үзнэ. Тэдний жинд нийт 66 жүдоч өрсөлдөж байна.

-48 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медалиа “Мастерс”-ийн мөнгөн медалиар арвижуулаад байгаа ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогтоо Бразилийн Габриэла Чибанатай учраа таарлаа. Гранд Слам ангилалаас мөнгө, Гран При тэмцээнд түрүүлж явсан энэ жүдочыг ялбал ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Японы Фүна Тонакитай хүч үзэхээр сугалаа таарчээ.

-52 кг:Залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам энэ удаад “Чиндао-2019” Мастерсийн хүрэл медальт Узбекистаны Диёра Келдиёроватай учраа таарлаа. Тэд Ази номхон далайн орнуудын АШТ-ий финалд учраа таарахад Узбекистаны бүсгүй ялсан бол өнгөрсөн оны Осакагийн Их дуулгад Л.Сосорбарам ялаад байгаа. Тэдний ялагч нь Мауритийн арлын жүдочтой барилдах бөгөөд ялсан тохиолдолд шилдэг наймд үлдхийн төлөө Их Британы Челси Жайлес, Габоны Тачиана Чезар нарын ялсантай барилдана. Л.Сосорбарамын хэсгийг дэлхийн хошой аварга Үта Абетэргүүлэн барилдах бөгөөд шилдэг наймд шалгархын төлөө Румыний алдарт бөх дэлхийн хошой мөнгөн медальт Андрея Читутэй барилдах юм. Энэ жинд нийт 40 жүдоч хүч үзнэ.

-57 кг:Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа тэмцээний чансаа тавдугаарт бичигдснээр Унгарын Эдбиг Каракастай хамт  В хэсгийг тэргүүлэн барилдахаар боллоо.  Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Пан америкийн АШТ-ий хошой хүрэл медальт АНУ-ын Лейлани Акияматай хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд ДАШТ-ий хүрэл медальт Недерландын Санне Верхаген, БНСУ-ын Ким Жан-Ди нарын ялагчтай шилдэг наймд шалгархын төлөө хүч үзэхээр сугалаа таарсан байна.

Тэмцээнийг доорхи линкээр хүлээн авч үзнэ үү. Тэмцээн дөрвөн дэвжээн дээр зэрэг явагдана!!!

Нэгдүгээр дэвжээ

Хоёрдугаар дэвжээ

Гуравдугаар дэвжээ

Дөрөвдүгээр дэвжээ