ХНХ-ын сайд сайд С.Чинзориг өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандлаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн цахим орчинд гарсан. Тодруулбал, Бямбабаатар нэртэй твиттер, фэйсбүүк хаягнаас “С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэсэн мэдээлэл түгсэн.

Тэгвэл өнөөдөр ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд хандан энэ асуудлаар мэдээлэл мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “2012-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгаж эхэллээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна гэх мэдээлэл цацагдаж байгаа. Гэтэл энэ хэрэгт С.Чинзориг сайд холбоотой байтал буруутай хүнийг нь шалгахгүй харин гэм буруугүй хүний яллагдагчаар татан шалгаж байна гэх гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацах болсон. Гэтэл Бямбабаатар нэртэй твиттер, фэйсбүүк хаягнаас өчигдөр “С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэж хувь хүн хүн төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацлаа. Хэдийгээр би тухай бүрт нь үнэн зөв мэдээллийг өгч байгаа ч ташаа мэдээлэл улам бүр даамжирч буйна. Иймээс энэ асуудалд цэг тавих шаардлагатай гэж үзэн, өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандаж өргөдөл гаргаж байна" гэв. 

Тэрбээр цааш нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хаших хугацаандаа би Нийгмийн даатгалын сангийн орлогыг эрсдэлд оруулсан, эрх ашгийн сонирхол үүсгэсэн, бусдад давуу байдал олгосон, эрх мэдлээ урвуулан ашигласан  үйлдэл гаргаагүй гэдэгтээ баттай, өөртөө итгэлтэй хэлж байна. Хэвлэлээр дамжуулж үнэн бодитой мэдээлэл өгч байгаа ч гүтгэлэг зогсохгүй байна. Хүний нэр төрийг юман чинээ боддоггүй хүмүүстэй маргалдаж сууснаас өөрийгөө шалгуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Фэйсбүүк, твиттерээр намайг яллагдагчаар татахаар боллоо гэсэн мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан учраас Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргаж байна. Яллагдагчаар татсан эсэх асуудлаар хуулийн боломж байгаа бол хариу өгөөч. Надад яллагдагчаар татагдсан асуудал байхгүй. Иймээс үнэн мөнийг тогтоож өгөөч ээ гэдгийг энэхүү өргөдөлдөө тусгасан. Үүнээс гадна бусдын нэр хүнд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацсан учраас  асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт мөн гаргасан гэв.