САР ШИНИЙН БАРИЛДААН ЦУВРАЛ#1

Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫН 10 ДАХЬ ТҮРҮҮ

XVII жарны Гал үхэр жилийн сар шинийн барилдаан 1997.02.06-07-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж, улсын цолтой 65, аймгийн цолтой 120 гаруй, залуу бөх 60 гаруй нийт 256 бөх зодогложээ.

Хоёрын даваанд санаанд оромгүй барилдаанууд цөөнгүй гарч, улсын цолтой 17 бөх өвдөг шороодсон. Тухайлбал залуу начин А.Сүхбат аймгийн арслан Д.Пүрэвсүрэнд (хожим начин цол хүртсэн) Шархүүгийн Лхагвасүрэн аймгийн арслан Д.Отгонбаатарт, улсын заан Ц.Баярсайхан Булганы залуу бөх Ж.Оргилболдод (хожмын начин) тус тус өвдөг шороодож, бөхийн таавар эхнээсээ эвдэгдэх эхлэл тавигдлаа.

Х.Баянмөнх аваргын хүү залуу заан Б.Гантогтох бэртлийн улмаас зодоглосонгүй.

Барилдааны хоёр дахь өдөр зүүний магнайд гарсан даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ, барууны магнайд улсын аварга О.Балжинням нар алдар цолоо дуудуулан гурвын даваагаар эхэллээ.

Энэ даваанд аварга, арслан, заанууд амласан бөхчүүдээ төвөггүйхэн давсан бол Жуулчин клубын залуу бөх Батжаргалын Одхүү улсын заан Ө.Тулгаагийн хөлд ороод, Ж.Оргилболд улсын начин Д.Сүхбатыг шуудагдаж өргөн  давлаа. Начингуудын хооронд ширүүн тэмцэлдээн боллоо. М.Жамъянпүрэв Н.Алтансүхийг өлгөхөд нь мурьж, И.Доржсамбуу Ц.Баянмөнхийг баруун тахимдаж, О.Одгэрэл Б.Бадралыг тонгорч, Ц.Бэгзсүрэн цн Ц.Цэрэнчимэдийг татаж хавсраад тус тус давсан. Тунасан бөхчүүдийн барилдаан сонирхолтой болж ун Ч.Батзориг аа Б.Ганбатыг зүүн талдаа хавсраад давсан юм.

Дөрвийн даваанд аварга, арслангууд учраа бөхөө төвөггүй давсан бол уз Д.Цэнд-Аюуш зб Б.Одхүүд, уз Д.Баяраа аа Д.Отгонбаатарт, уз Д.Эрдэнэбат зб Ж.Оргилболдод тус тус унав.

Залуу заан Д.Сумъяабазар начин О.Одгэрэлд мордуулж уналаа. Ч.Батзориг М.Жамъянпүрэв нар тунаж ховдын начин этээд давчихав.

МҮБХ-оос жил бүр  шалгаруулдаг “Оны шилдэг найман бөх” шагналыг барилдааны үеэр гардууллаа. Гал хулгана жилийн турш болсон улсын чанартай барилдаануудын амжилтаар дараах бөхчүүд бусдыгаа манлайллаа.

  1. Б.Бат-Эрдэнэ д.ав
  2. Д.Мөнх-Эрдэнэ уа
  3. О.Балжинням у.ав
  4. Ц.Цэрэнпунцаг уз
  5. Ч.Батзориг ун
  6. Ц:Баярсайхан уз
  7. П.Сүхбат уз
  8. Д.Сумъяабазар уз нар шалгарлаа

ТАВЫН ДАВАА

  1. Б.Бат-Эрдэнэ д.ав+ -аа Д.Отгонбаатар дугтрав
  2. О.Балжинням у.ав+ -уз Ж.Ганболд этэв
  3. Б.Ганбаатар уа- +зб Ж.Оргилболд гуядахад нь үлдээд
  4. Д.Мөнх-Эрдэнэ уа+ -зб Б.Одхүү зүүн хонгодов
  5. С.Хүрэлбаатар уз- +уз П.Сүхбат хонгодов
  6. Ц.Цэрэнпунцаг уз+ -уз Ч.Бямбадорж хонгодов
  7. Г.Өсөхбаяр уз+ -ун Д.Бумбаяр мордов
  8. О.Одгэрэл ун+ -ун Ч.Батзориг давуулж гуядав

ЗУРГААГИЙН ДАВАА

  1. Б.Бат-Эрдэнэ д.ав+ -уз П.Сүхбат татаж хавирав
  2. О.Балжинням у.ав+ -зб Ж.Оргилболд зүүн этэв
  3. Д.Мөнх-Эрдэнэ уа+ -ун О.Одгэрэл гуядахад нь үлдээд
  4. Ц.Цэрэнпунцаг уз+ -уз Г.Өсөхбаяр хав золгож хавсрав

ДОЛООГИЙН ДАВАА

  1. Б.Бат-Эрдэнэ д.ав+ -у.ав О.Балжинням зүүн хонгодов
  2. Д.Мөнх-Эрдэнэ уа- +уз Ц.Цэрэнпунцаг гуядах гэхэд нь тохов

НАЙМЫН ДАВАА

  1. Б.Бат-Эрдэнэ д.ав+ -уз Ц.Цэрэнпунцаг шуудагдаж түрээд

Ийнхүү Б.Бат-Эрдэнэ аварга цагаан сарын барилдаанд 1988 оноос хойш завсаргүй 10 дахь удаагаа түрүүлж, шинэ дээд амжилтыг тогтоолоо. Булган аймгийн Баян-Агт сумын уугуул залуу бөх Ж.Оргилболд урамтай сайхан барилдаж шөвгийн наймд үлдлээ. Цагаан сараар сайн барилдсан бөхчүүд тэр жилийнхээ наадмаар мөн л өнгөтэй сайхан барилддаг уламжлал, билэгдэл байдаг. Энэ жил үзүүрлэсэн Ц.Цэрэнпунцаг наадмаар заан цолоо баталсан бол, зб Ж.Оргилболд улсын начин цол хүртсэн билээ.

Бөх сонирхогч:Ц.МЯГМАРЦЭРЭН