Д.Чойжамц: Битүүний номоо хурдгаараа хурна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Сар шинэ бол цаг хугацааны үргэлжлэл юм. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж явсны үргэлжлэл юм. Жаргалтай, сайхан амьдралын суурь  шалтгаанаа тавьж чадсан бол олон жил дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай. Мөн хулгана жил дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна хэмээн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц онцолсон.

Жилийн дунд үед урьд жилээр бороо хур бага байна. Гэхдээ тариа ногооноо бүтэн авч чадна гэдгийг ч тэрбээр нэмж хэлсэн юм.

Ийнхүү хулгана жилийн өнгийг танилцуулсаны дараа коронавирустай холбоотойгоор тэрбээр аль болох олон хүнийг Гандантэгчинлэн хийдэд цуглуулахгүй байхад анхаарч ажиллаж байгааг онцолсон юм. Энэ талаар тэрбээр "Энэ жил дэлхий даяар аймшигтай ханиад томуу гарчээ. 700 жилийн өмнөх судар дээр сарьсан багваахай гэх амьтнаас ирээдүйд хурц өвчин гарна гэж тэмдэглэсэн байна.  Гандантэгчэнлин хийдийн зүгээс таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан бөгөөд амны хаалтыг ард түмэнд түгээх ажил хийж, хурал номоо уншиж байна" гэлээ. Мөн тэрбээр "Бид аль болох олон хүнийг цуглуулахгүй байх байр сууринаас хандаж байна. Тийм ч учраас сүсэгтэн олондоо хандаж шинэ жилийн засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүйг дуулгаж байна. Олон түмэн аль болох битгий их ирээрэй. Цагаан сарын заслыг бид тусгай лам нар гаргаад уншиж өгье гэсэн уриалга гаргасан" гэлээ.

Гол нь олон нийтийг ирэхгүй байхыг зөвлөж байгаа. Гэхдээ тэр бүхэн сүсэгтэн олны шийдвэр гэдгийг ч нэмж хэлсэн юм. Мөн битүүний өдөр номоо хурдгаараа хурах гэнэ.

Харин үрэл тарааж байгаа асуудлаар тэрбээр "Бидэнтэй адил шашинтай улс орнуудад ч лам хуврагууд үрэл утлага, тарни бясалгал хийж байна. Бид сүсэгтэй хүмүүс учраас уншлага номоо унших, үрэл утлага хийж тараах ажлыг эхлүүлсэн. Энэ бол шашны ажил. Лам нар эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө залбирч, ном унших үүрэгтэй учир түүний дагуу хийж байгаа. Сүсэглэсэн, үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүст нь тараая гэж бодож байгаа. Аль болох үймээн самуунгүй хийж чадна. Шашин шүтлэг гэдэг нь үргэлж байдаг. Сүсэгтэй орнууд бол та нар номоо унш л гэж лам нартаа хэлдэг. Манай лам үрэл хийж, сүсэгтэн олонд тараах тухай ярьсан байна лээ. Түүнийг бүх хүнд тараах юм шиг мэдээлэл явсан. Гандантэгчэнлин хийд гурван сая хүнд үрэл тарааж дийлэхгүй. Тэр бол сүсэгтэй хүнд зориулж хийж байгаа ажил. Бүгдэд нь албадаж өгөх гэж байгаа хэрэг биш бөгөөд эдгээнэ гэсэн баталгааг хэн ч гаргаж чадахгүй" гэв.

эх сурвалж: www.buzznews.mn