Өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэнэ

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдрөөс цасан шуурга шуурч хүйтрэнэ. Тодруулбал, өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг  цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

2020 оны хоёрдугаар сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.