МСҮТ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИД 200 000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

Засгийн газрын өнөөдөр /2020-02-04/-ийн хуралдаанаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ыг шинэчлэн батлууллаа.

Төр засгийн зүгээс Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжиж байгаагийн нэг илрэл нь томоохон бүтээн байгуулалт болон хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн ур чадвартай, зөв хандлага төлөвшилтэй, ажилдаа эзэн байх хөдөлмөрийн насны залуучууд, иргэдийг мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэн сар бүр олгож буй 100.000 төгрөгийн тэтгэлэг юм. 2019 оноос олгож эхэлсэн энэхүү тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж 2020 оны улсын төсөвт 79.9 тэрбум төгрөгийг тусгаснаар энэ оны нэгдүгээр сараас тэтгэлгийн хэмжээг 200.0 мянган төгрөг болгох боломж бүрдсэн бөгөөд үүний тулд “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-д зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага бий болсон.
Өнгөрсөн онд 185.512 суралцагчийн тэтгэлэгт нийтдээ 18.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Ингэхдээ тухайн суралцагчийн хичээлийн ирц 75 хувиас доошгүй байх гэсэн шалгуурыг тавьж байсан юм. Харин энэ удаа МСҮТ/ПК-ийн анх удаа мэргэжлийн болон техникийн боловсролын түвшний өдрийн ангийн 45 хүртэлх насны суралцагчдад олгохоор журамд өөрчлөлт орууллаа. Түүнчлэн ажил олгогчийн тусгай захиалгаар болон, улс эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд зайлшгүй цэргийн албан хаагчийг хамруулан богино хугацаагаар буюу 4-6 хүртэлх сарын хугацаатай МСҮТ/ПК-д мэргэжил эзэмшүүлж суралцуулахыг тусгай журмаар зохицуулж тэтгэлэг олгохоор тусгасан. Мөн мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жилийн ангийг төгсч үргэлжлүүлэн техникийн боловсролын 1.5 жилийн ангид шатлан суралцаж буй суралцагчид тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн өөрчлөлтүүдийг орууллаа.

Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын 80 байгууллагад нийтдээ 37.5 мянган суралцагч байгаагийн 36.6 мянга нь мэргэжлийн болон техникийн боловсролын түвшний өдрийн ангид суралцаж байна