Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

БНХАУ-ын коронавирусийн тархалт өндөр байгаатай холбоотойгоор ДЭМБ-ээс дэлхийн хэмжээнд онц байдал зарласан. Манай улс ч  энэ вирусын тархалттай холбоотойгоор зарим арга хэмжээг аваад байгаа. Өчигдөр л гэхэд Улсын онцгой комисс хуралдаж сар шинийн баярыг өргөн хэмжээнд тэмдэглэхгүй мөн бөхийн барилдаан болохгүй гэсэн шийдвэр гаргасан.   

Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдахаар товложээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Давосын Эдийн засгийн чуулган болон Норвеги улсад айлчаад өнөөдөр эх орондоо ирж байгаа юм.

Мөн өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Засгийг газраас мэдээлэл өгнө. Түүнчлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдах аж. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг өнөөдөр өглөө хуралдсан байна. Хурлаар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлын хэсгийнхэнд тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.