Олимпын аварга Рафаэла Силваг сэргээш хэрэглсэн хэмээн үзэж барилдах эрхийг нь хоёр жилээр хаслаа

Бразилын жүдоч, олимпын аварга Рафаэла Силва өнгөрсөн оны наймдугаар сард Перугийн Лимад болсон Панамерикийн наадмын үеэр хийсэн допингийн шалгалтад бүдэрсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 9-нд болсон шалгалтаар түүнээс астма буюу багтраа өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг фенотерол хэмээх хориотой бодис хэрэглсэн нь илэрсэн гэж байв. Гэвч 27 настай тэрбээр есдүгээр сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, түүний өмгөөлөгч Бичара Нетү сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ "Р.Сильваг найзынхаа нялх хүүхдээс хордсон байж болзошгүй" гэж байсан. Тэгвэл албаныхан түүнийг сэргээш хэрэглсэн хэмээн үзэж барилдах эрхийг нь хоёр жилээр хассан байна.

Гэвч Бразилын жүдоч, олимпын аварга Рафаэла Силва Жүдо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ асуудлаар Арбитрын шүүхэд хандаж, тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. Мөн Бразилийн жүдо бөхийн холбоо (CBJ) -ноос гаргасан мэдэгдэлд Рафаэла Силва олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) -ээс гаргасан шийдвэрийг давж заалдахаар хуульч Марсело Франклинийг хөлслөсөн. Хуулийн процесс явагдаж байгаа тул Силва эсвэл IJF аль аль нь уг шийдвэрийн талаар тайлбар хийхгүй" гэжээ. Мөн Бразилийн жүдо бөхийн холбоо CBJ нь өөрийн тамирчнаа буруугүй гэдэгт итгэж, дэмжиж байгаа гээд түүнийг залуучуудынхаа үлгэр дууриалал, Бразилийн спортын хамгийн том шүтээнүүдийн нэг" гэжээ.  

Харин Рафаэла Силва "Би фенотерол хэмээх бодис нь миний биед санамсаргүйгээр орж, спортын үзүүлэлтийн зорилгоор ашиглаагүй гэдгийг нотлох болно. Үүнд би бүрэн итгэлтэй байна. Би Токио-2020 Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох мөрөөдлөө биелүүлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэх болно. Учир нь би ямар ч буруу зүйл хийгээгүй, эцэст нь шударга ёс бий болно" гэжээ.

Ташрамд мэдээлэхэд Фенотерол нь астма өвчнийг эмчлэхэд ашигладаг бөгөөд Силва 2019 оны наймдугаар сарын сүүлээр Токио хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмийн цэвэр шинжилгээ хийлгэсэн гэж мэдэгдэж байсан юм.