С.Чинзориг: Хөл хорионы хугацаанд МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг олгохгүй

Урд хөршид гараад байгаа коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гуравдугаар сарын 2-ныг дуустал ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгох бол МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлэг болох сард олгодог 100 мянган төгрөгийг олгохгүй гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр "МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоосон. Онцгой нөхцөлд цалин хөлсийг олгоно гэсэн урамшууллыг олгоно гэсний дагуу ямар ч тохиолдолд багш нарт үндсэн цалин, урамшууллыг олгоно. Харин МСҮТ-ийн оюутнуудад нэг сарын хугацаанд тэтгэлэг олгохгүй гэсэн байр суурьтай байна" гэв. 

Мөн тав хүртэлх настай хүүхдээ асарсан эцэг, эхэд цалинтай чөлөө олгох асуудлаар тэрбээр "Албан ёсны шийдвэр гараагүй гэж ойлгож байна. Харин Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр бол аж ахуйн нэгж, байгууллагуудад ийм зөвлөмжийг өгч байгаа. Ер нь тав хүртэлх настай хүүхдээ асарсан эцэг, эхэд эмнэлгийн актыг үндэслэн цалинтай чөлөө олгож байсан туршлага бол байгаа. Жилийн өмнө  ханиад томуу гарахад ЗГ-аас ААН, байгууллагуудад уриалаад, зөвлөөд өөрсдийн боломжоороо эмнэлгийн акттай, чөлөөтэй тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгож байсан практик бий" гэв.