АН: УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТОЙРГООС НИЙСЛЭЛИЙН МАНДАТЫН ТООГ ЦӨӨЛӨХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж цаг үеийн асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын тойрогтой холбоотой асуудлаар, ялангуяа хүн ам төвлөрсөн, нийгэм эдийн засгийн хамгийн том нийслэл дэхь тойргийн мандатын тоог хасаж байгаатай холбогдуулан УИХ даргад албан тоот хүргүүлсэн. Тэгэхдээ хуулийн хүрээнд нутаг дэвсгэр хүн амын тоог харгалзан тойрог тогтоохдоо гурван мандаттай байгаа 90 мянга хүрэхгүй цөөн сонгогчтой аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймагруу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх зайлшгүй шаардлагатай гэж үзэн албан тоот хүргүүлсэн. Энэ шаардлага нь өнөөдрийн мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн заалтад нийцэж байгаа. Иймээс үүнийг үндэслэн аймгийн мандатын тоог зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Цаашид байнгын хороодын хурал болон чуулганы хуралдааны үеэр мөн энэ байр сууриа хадгалж ажиллах болно.

Н.Номттойбаярыг түдгэлзүүлэх Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжинэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн гэв. Уг шаардлагад Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороод хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй удаашруулж байна гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргасантай холбогдуулан Ардчилсан намын зөвлөлөөс байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монголын төлөө, Ардчиллын төлөө зүтгэж явсан Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү агсаны хэрэгтэй холбоотой асуудал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх Улсын прокурорын УИХ-д түдгэлзүүлэх тухай хандсан албан тоотод дурдагдсан учраас бид энэ зүйлийг онцгой анхааралдаа авч ажиллах зайлшгүй шаардлага үүссэн. Мөн 2020 оны 1-р сарын 22-нд талийгаачийн ар гэрийнхэн Ардчилсан намд захидал илгээсэн. Энэ захидалдаа шударга ёсыг тогтоох үнэн зөвийг олох тал дээр АН ажиллана гэж найдаж байна хэмээн захидал илгээсэн. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт хуралдсан Халдашгүй байдлын дэд хорооны гаргасан шийдвэр болох УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг УИХ-ын байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжиж оролцох болсоноо мэдэгдэж байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдаж буй хэрэгслүүд дутмаг байгаад иргэд бухимдаж байна

Гуравдугаарт: Дэлхий дахинд үүсээд байгаа шинэ короновирусын асуудалтай холбогдуулан улс оронд олон төрлийн нөхцөл байдал үүслээ. Хамгийн эрсдэл өндөртэй улс орны тоонд Монгол улс багтаж байна. Мөн манай хөрш оронд үүссэн энэ онцгой нөхцөл байдалд бидний, иргэний болон айл өрхийн хариуцлага, төр засгийн шуурхай ажиллагаа нэн тэргүүнд чухал. Ялангуяа, урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд гарч буй асуудлуудад шуурхай хандаж, анхааралтай ажиллах ёстой. Иргэдийн хамгийн их санаа зовж байгаа зүйлүүд дээр анхаарч, элдэв янзын хардлагад шуурхай хариу өгөх, хичээл сургууль амарсантай холбогдуулан оюутнуудыг нутаг буцаан, их дээд сургуулиудын дотуур байрыг хааж, ариутгах, шөнийн цэнгээний газруудыг ажиллуулахгүй байх зэрэгт онцгой анхаарах нь чухал. Мөн урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд шаардагдаж буй хэрэгслүүд дутмаг байгаад иргэд бухимдаж байна. Үүнд хамаарах эм ханган нийлүүлэлт, маск, ариутгалын бодис зэрэг нь эмийн сан, эмнэлгийн байгууллагуудад дутмаг байгаад холбогдох байгууллагууд анхаарч шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Вирусын нөхцөл байдал нь олон хоног далд явагдаж илэрдэг учир Монголд илрэхгүй байх баталгаа байхгүйг харуулж байна. Ерөнхий нөхцөл байдал нь ахмадууд тусах магадлал өндөртэй учир, тэдэнд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг түлхүү хийх, хавсрах өвчтэй хүмүүс анхаарал болгоомжтой байх нь чухал. Эдгээр нь иргэдийн санаа зовж, төр засагт хүргэхийг хүссэн хүсэлтууд учир бид хариуцлагатайгаар анхааралдаа авч, мэдээлэлж байна.

С.Эрдэнэ: ТЕГ-ын ажилтнууд дээрэм хийсэн асуудал дарагдаад өнгөрч болохгүй

Мөн хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ эдгээр асуудлууд болоод бусад цаг үеийн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ, “Шинэ короновирусын тухайд Улсын хэмжээнд авч байгаа арга хэмжээ нь хангалттай бус, ядмаг байна. Өнөөдөр Монголд шинэ короновирусыг оношлох хүчин чадал тоног төхөөрөмж байхгүй, мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тун хожуу авч, зарим нэг олон нийтийн хөдөлгөөнийг зогсоож байна. Гэхдээ үүний дараах арга хэмжээг мөн гүйцэд авахгүй орхиж, оюутан сурагчдыг амраасан бол бар рестораныг хаах, шинэ короновирусын эсрэг сурталчилгаа зарлан мэдээллэх, олон нийтийн газрыг халдваргүйжүүлэх зэрэг нэн шаардлагатай арга хэмжээ дутмаг байна. Үүн дээр ЭМЯ болоод бусад холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэйг анхааруулж байна” гэв.

Мөн “Сонгуулийн тойргийн мандатын асуудал дээр бид анхаарлаа хандуулж байгаа. Хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Нийслэл хотод ноогдож буй мандатыг бууруулах замаар хөдөө орон нутгийн мандатыг нэмэгдүүлэх буруу аргыг эрх баригчид сонгож, үүнийгээ хэрэгжүүлэхээр улайран ажиллаж байна. МУ-ын үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийн асуудал нь онцгой чухалд тооцогддог. Гэтэл хөдөө орон нутгийн оршин суугчид давуу эрх эдэлж, харьцангуй тэнцвэрт бус байдал үүсч болохгүй. Өнөөдөр хот хөдөө гэж ялгах бус, Монгол улсын иргэн бүр тэгш эрх эдлэж, тэнцвэртэй нөхцөл байдалд сонгох сонгогдох эрхээ эдлэх ёстой. Жишээ нь: Дорнод аймагт 15-20 мянган сонгогч тутмаас нэг мандат сонгогдож байхад Улаанбаатар хотод 40-50 мянган сонгогч дундаас нэг мандат сонгогдож байгаа нь харьцангуй байдлыг харуулж байна. Тиймээс төлөөллийн зарчим нь зөв буруу байгааг эргэн харах нь чухал. 

Үүн дээр нэмж хэлэхэд, сүүлийн үед гарч байгаа олон дуулиант хэргүүдийн дунд дарагдаад өнгөрч буй хэд хэдэн анхаарал татахуйц асуудал байгаагийн нэг нь хууль хүчний байгууллагуудын дотоод сахилга хариуцлага замбараагүй болсон явдал юм. Тодруулбал, ТЕГ-ын ажилтнууд дээрэм хийсэн асуудал яригдаж байна. Гэтэл нөгөө талдаа Цагдаа, тагнуулын хоёр байгууллагын ажилтнууд нэг газар, нэг чиг үүргийн ажил хэрэгжүүлэх гэж байгаад мөргөлдсөн мэтээр тайлбарлах гэж оролдож байна. Тэгэхээр энэ хууль хүчний байгууллагууд, төр засаг нь энэ асуудал дээр хариуцлага нэхэж ярих цаг нь болсон. Цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдэж, өчнөөн тэр бумын хээл хахууль нэхсэн зэрэг асуудлууд яригдаж байхад дарга ажилтнууд, цаашлаад салбарын сайд нь ч хариуцлага хүлээдэггүй, ТЕГ-ынхан дээрэм тонуул хийлээ гэж байгаа ч харъяаллаж байгаа Ерөнхий сайд нь хариуцлага хүлээдэггүй. Шударга үнэний төлөө үхэхээс айхгүй гээд байсан тэр шударга үнэний сэлэм нь хаана байна. Ийм байдлаар МУ-д хууль сахиулах, хууль зөрчсөн байдлыг таслан зогсоох ёстой чиг үүрэг бүхий цагдаа тагнуулын байгууллагынхан авилга хээл хахуульд өртөөд дээрэм тонуул хийгээд байх юм бол улс орон нь хэнд итгэх вэ. Бид улс төржүүлж асуудлыг ярьж байгаа юм биш, нөхцөл байдал ийм байна. Бодит байдлыг байгаагаар нь ярьж байна. Энэ тал дээр Ардчилсан намын зүгээс, УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаашид дуугүй өнгөрөхгүй. Цаашид тусгайлсан асуулгыг Ерөнхий сайд болон холбогдох яам байгууллагын сайд дарга нарт асуулга тавьж, тодорхой арга хэмжээ аван ажиллана” гэв.  

эх сурвалж: anbuleg.mn