Н.Номтойбаяр: Би хууль зөрчөөгүй учраас өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын  бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Уг нь УЕП-ын дарга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирснээс хойш 48 цагийн дотор асуудлыг шийдэх байсан ч УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэлгүй хойшлуулсаар долоо хонож буй.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд ирлээ. Энэ үеэр сэтгүүлчдэд тайлбар өгсөн бөгөөд тэрбээр "Миний бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй. Би хууль зөрчөөгүй учраас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй. Өөрийнхөө нүдийг хөхөрсөн асуудлын талаар тайлбар хэлье. Энэ асуудалд миний буруутай үйлдэл байсан. Гэхдээ залуу хүний ирээдүйг бодоод мөн тагнуулын байгууллагад аавтай нь мөр зэрэгцэн ажиллаж байсны хувиар ямар нэгэн гомдол, санал гаргахгүй. Харин Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой асуудлаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. Дээрх мэдээлэлд болон миний цуглуулсан баримтад дүгнэлт хийхэд талийгаачийн гэр бүл намайг алуурчин болгон яллах ажиллагааг зохион байгуулалттай хийж байна” гэсэн тайлбарыг өгөв.

Түүнчлэн яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүн өөрөө оролцож байгаа гэсэн мэдээлэл байна.  Намын бүлэг хуралдсаны дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах бөгөөд өнөөдөртөө багтаан байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх магадгүй байна.