Сар шинийн баярыг угтаж “Хоггүй шинэлцгээе” аян зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сар шинийн баярыг угтсан “Хоггүй шинэлцгээе” аяныг А/12 дугаар тушаалаар баталжлаа.

Уг тушаалын удирдамж, төлөвлөгөөг Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан аяны удирдамж, төлөвлөгөөг танилцуулан холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.

Удирдамжийн хүрээнд нэн тэргүүнд дүүргүүдийн Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ одоо үүсээд байгаа хог хаягдал, ачилт хийгдэхгүй удсан хог хаягдлыг 01 сарын 25-наас өмнө тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Төвийн бүсийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны хорооллын хог хаягдлыг оройн 20 цагаас өглөөний 05 цагийн хооронд тээвэрлэхийг үүрэг болголоо.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 01-р сарын 24-ний өдрөөс 02-р сарын 20-ны өдрийн хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм.

Мөн гэрлийн шонг угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцуулна. Нийслэлийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хог тээвэрлэлтийг сайжруулах ажлыг зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.