Б.ГАНХӨЛӨГ: Аав маань төрийн хамгаалалттай газар, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад буцаж гарч ирээгүй

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандаж зарим мэдээллийг өглөө. Хуралд талийгаачийн охин  Б.Цэлмэг, хүү Б.Ганхөлөг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар оролцсон. 

Хурлын эхэнд өмгөөлөгч Ж.Батхуяг:

-Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаад найман сар өнгөрсөн ч шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Хэргийн үйл явцын талаар гаднын нөлөөгүй юм байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарахад ар гэрийнхнийх нь зүгээс хүлээцтэй тэвчээртэй хандаж байсан. Монгол заншлаа бодсон ч гэсэн бурхан болоочийг байнга ярих хэцүү. Энэ ч утгаараа албан ёсны мэдээлэл хийгээгүй байсан. Сүүлийн үед хэргийг улс төртэй хутгах, улс төрийн зорилгоор ашиглах явдал илт болоод ирлээ. Энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн багийн дүгнэлт эцэслэж гарсан. Дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе.

Дүгнэлтэд:

  • Талийгаачийн баруун нүдэнд хөхрөлт үүссэн
  • Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд улайлт үүссэн
  • Өвчний улмаас ухаан алдаад уначихлаа гэж байсан 
  • Өвчний улмаас цус харваагүй.  Гэмтлийн улмаас цус харвасан гэсэн дүгнэлт гарсан

Мөн энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүдээс полиграфф тест авсан. Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн хариу гарсан.  Хэргийн газраас талийгаачийн гар утсыг хурааж авсан. Үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэж өгсөн. Шинжилгээний дүгнэлтэд гар утсанд ямар нэг мэдээлэл байхгүй. Мэдээллийг сэргээх боломжгүй гэсэн.

Хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд "би харсан" гэж мессэж бичсэн. Надад 13 секундийн бичлэг байгаа гэсэн.

Энэ мэдээллийг шалгах явцад нэг мэдээлэл тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийг мэдэхгүй, өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал. Мөрдөн шалгах явцад шүүх эмнэлэгтэй холбоотой асуудал байсан. Шинжилгээний явцад оношийг дутуу тавьсан нь тогтоогдсон  Шүүх шинжилгээний газар олон зүйлийг дутуу хийсэн. Ар гэрийнхэн нь MRI, рентгенд зураг авахуулъя гэхэд зөвшөөрөөгүй” гэлээ.

Хүү Б.Ганхөлөг:

-Бид гэр бүлээ төлөөлж хамгийн анхны албан ёсны мэдэгдэл хийж байна. Хэрэг болоод найман сарын хугацаа өнгөрлөө. Бидний хувьд хүндхэн өдрүүд өнгөрч байна. Дөрвөн настай үлдсэн манай бага дүү бэтгэрээд хоол ундаа идэж чадахгүй байна. Цоо эрүүл аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн хамгаалалттай газар, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад ордонд орсон ч буцаж гарч ирээгүй. Бид энэ хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Зүүн талаараа унасан хүний баруун нүд яахаараа улайж хавддаг юм бэ? Унаагүй талын нүд шүү дээ. Хүзүүн дээр улайлт бол заамдалцсаны ул мөр. Баруун нүд хөхрөлттэй байгааг та бүхэн харж байна. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм. Амьд явах баталгаагүй болчихсон юм биш үү.Бид цаашдаа яаж амьдрах вэ. Төр нийгмийн зүтгэлтэн, Их хурлын дэд дарга, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан хүн Төрийн ордны тусгай хамгаалалт обьектэд ажлын цагаар амиа алдсан байна. Тэгэхэд гудамжинд алхаж яваа жирийн иргэд бид яах вэ. Ийм хэрэг үйлдэгдээд найман сар өнгөрчхөөд байхад ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Жирийн ард иргэдэд ийм зүйл тохиолдвол яах вэ. Түрүүн хэлсэнчлэн найман сар маш хүнд байлаа. Аавыгаа санаж байна. Монгол Улс төртэй, шүүх засаглалтай улс. Хуулийн байгууллага хурдан яаралтай үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Итгэл алдраагүй хүлээж байна. 

Охин Б.Цэлмэг 

-Аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ, өвөө маань өдөр бүр аавын минь зурагны урд олон цаг суун залбирч, ээж маань ханиа алдсандаа сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноосоо гарсан. Үнэхээр бэтгэрч байна. Аавыгаа ороод ирэх юм шиг санагдаад хааяа чихэнд сонсогдоод байна. Аавынхаа хэргийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно.