-50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай цахилгаан автобус иргэд үйлчилнэ

Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг  үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн 8 цахилгаан автобусыг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой.

Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай.  Нийт 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай, 12 м урт, өндөр нь 3.2 м, өргөн нь 2.5 м.  Цонх 2 давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа 8 халаагууртай, хяналтын 5 камертай, зориулалтын гэрэлт самбартай, зорчигчийн тав тухтай зорчих нөхцлийг бүрэн бүрдүүлсэн.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааланд 2 галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товч дарж шууд унтраах автомат тохируулгатай галын хортой. Хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй. Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын 2 цэг баригдсан. Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгч байгаа юм.  

Түүнчлэн хотын дарга өнөөдөр “Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар болон хэвлэл мэдээллийнхэнд хандан танилцууллаа.

Тэрбээр “Хотын хүн амын суурьшил, оршин суугаа нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон, олон улсын стандартад нийцсэн, олон сонголттой, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, үйлчилгээний шинэ соёл, стандарттай, цаг минутаар ажил амьдралаа төлөвлөх боломжийг иргэддээ олгосон, ухаалаг технологи бүхий цахилгаан соронзон галт тэрэг, агаарын замын зорчигч тээвэр /агаарын такси/, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко такси зэрэг нийтийн тээврийн төрлүүдийг шинээр нэвтрүүлнэ. Мөн автобус, таксины парк шинэчлэлийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шат дараалалтайгаар хийх, нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системийг шинэчлэн нэвтрүүлэх тооцоо судалгааг хийж, цогц шийдлүүдийн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ шийдлүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг 2025 он гэхэд 50 хүртэл хувиар бууруулж, нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Мөн Цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөж байна. Ингэснээр Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачаалал 68 хувиар буурах боломж бүрдэнэ.

Түүнчлэн агаарын такси тээвэр /Cable car/ хэрэгжсэнээр одоогийн нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжгүй гэр хорооллын алслагдсан оршин суугчдыг богино хугацаанд ая тухтай тээвэрлэх боломж бүрдэх аж. Тухайлбал, Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулснаар иргэдийн зорчих хугацааг дөрөв дахин багасгах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацааг тав дахин багасгаж, 14 минутад тус тус зорчих боломжийг бүрдүүлнэ.

Тусгай замын автобус /BRT/ нь Канад, Америк, Франц, Герман, Финланд, Англи тэргүүтэй Дэлхийн 40 гаруй орнуудад ашиглагдаж байгаа сонгодог тээврийн хэрэгсэл юм. Автобус явах тусгай замын зурвасыг эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд /15 буудал бүхий/ байгуулахаар төлөвлөж байна. Дараагийн ээлжийн тусгай замын автобусны зурвасыг хотыг тойрог хэлбэрээр хамарсан маршруттай болгож, 60 орчим буудалтайгаар байгуулна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувь буурч, үр дүнд нь үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөний хурд 2-3 дахин нэмэгдэх аж.

Түүнчлэн “Улаанбаатар хотыг хүртээмжтэй, тохитой, аюулгүй, соёлтой, олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээтэй болгохын тулд мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан, ухаалаг, захиалгын хялбар систем бүхий шинэ таксины үйлчилгээг бий болгох, албан бус такси эрхэлж буй иргэдийг албажуулах зэргээр таксины тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлтийг хийх зорилгоор цахилгаан болон шатдаг хийгээр ажилладаг, олон улсын стандарт шаардлагыг хангасан шинэ автобусаар парк шинэчлэлт хийж эхэлж байна” гэдгийг Хотын Захирагч онцолж хэлээд Сурагчдын автобус одоогоор 5000 гаруй хүүхдэд үйлчилж байна. Сургуулийн автобусны тоог 200-аар дээшгүй тоогоор нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад сурагчдыг хүргэж өгдөг "хүүхэд хүргэлтийн такси" үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна гэсэн юм.

Дараа нь холбогдох албаныхан Сүхбаатарын талбайд байршуулсан нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэнд зориулан туршилтаар оруулж ирсэн 10 автобус болон агаарын дүүжин тээвэр буюу cable car /агаарын такси/-ны кабиныг танилцууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлэхээр туршилтаар явуулж буй 10 автобусны тухайд 15-10 минут цэнэглээд өвлийн нөхцөлд 100-120 км, зуны нөхцөлд 150-200 км зам туулах чадвартай бол cable car /агаарын такси/-ны кабинд 6-10 хүн зорчих боломжтой юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс