Б.Жаргалсайхан:  Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой зодооны бичлэг задарсан асуудлыг өнөөдрөөс эхлээд шалгана

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УЕП Б.Жаргалсайхан УИХ-д тавьсан гэх мэдээлэл өчигдөр олны анхаарал татсан. Тэгвэл өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороогоор эл асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.

Тодруулбал, тус дэд хороо таван гишүүнтэй ч хоёр нь гадаадад томилолттой яваа бөгөөд энэ тухай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн. Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр гурван гишүүнтэй дэд хороо хуралдлаа. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө гадаад явсан. Ч.Улаан гишүүн санал ирсний дараа гадагшаа явсан. Иймээс гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргая гэсэн.  Д.Лүндээжанцан 19-нд ирнэ, Ч.Улааныг дуудуулна. Ирэх 7 хоногт асуудлыг шийдвэрлэнэ” гэв. Мөн тэрбээр УЕП-оос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай ч дээрх шалтгааны улмаас энэ  хууль зөрчигдөх нь гэж байсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ямар үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-ын газраас оруулж ирсэн юм бэ гэсэн асуултад "Хэргийг шалгаж дуусаагүй байгаа. Прокуророос нууцын зэрэгтэй ирсэн. Нууцтай холбоотой асуудал. Мөрдөгдөж байгаа хэргийн мэдээллийг прокурорын зөвшөөрлийн хэмжээнд гаргадаг. Түүнчлэн Халдашгүй байдлын дэд хороо нээлттэй хуралдах боломжгүй.  Н.Номтойбаярыг хуралд ирүүлнэ. Дэд хорооны хоёр гишүүн ирсний дараагаар хуралдана" гэсв.

Түүнчлэн УЕП Б.Жаргалсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тэрбээр "Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг  хэлэх боломжгүй. Учир нь миний үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байгаа учраас, шийдвэрээ гаргасных нь дараа санал, үндэслэлээ хэлдэг. Хэрэв саналыг хүлээж авахгүй бол ямар ч арга байхгүй. Та бүхэн мэдэж байгаа,  өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажиллагаа зогсохгүй, үргэлжилнэ" гэсэн.Түүнчлэн Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой зодооны бичлэг задарсан асуудлыг өнөөдрөөс шалгаж эхэлж байна гэв.