Түүхэндээ байгаагүй ашигтай ажиллсан

Улстөрчдийн "саалийн үнээ" гэгддэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 2019 онд улс болон орон нутгийн төсөвт 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 41 жилийн түүхтэй үйлдвэрийн түүхэнд улсад хамгийн их орлого төвлөрүүлсэн жил боллоо хэмээн зарласан. Тодруулбал, 2019 онд олсон орлого нь 2016 оноос 5 дахин, 2017 оноос 1.6 дахин, 2018 оноос 1.4 дахин өндөр үзүүлэлт бөгөөд 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн гэж байсан юм.

Гэвч урд өмнө нь байгаагүй ашигтай ажиллсан гэх "Эрдэнэт" үйлдвэр үйлдвэрийнхээ гол цөм болсон ажилчдынхаа 13 дахь сарын цалинг одоо болтол өгөөгүй байгаа аж. Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх мэдээлсэн бөгөөд түүнд тойргийн сонгогчид нь энэ тухай мэдээллийг өгчээ. Ингэхдээ  "Аливаа үйлдвэрийн ашгаас "Бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд шууд оролцож буй ажилчид хүртэх эрхтэй" гээд өнөөдрийг хүртэл 13 дахь сарынхаа цалинг авч чадахгүй байна гэж.  Иймээс УИХын гишүүн О.Баасанхүү тойргийнхоо сонгогчдын өмнөөс Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга мөн "Эрдэнэт" үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нарт хүсэлт хүргүүлж үйлдвэрийн ажилчдын 13 дахь сарын цалинг хоёр дахин нэмэн олгохыг хүсчээ.

Нөгөө талаас энэ үйл явдлаас төрийн эрх баригч намын улстөрчдийн "саалийн үнээ"  гэгддэг "Эрдэнэт" үйлдвэрийн үе үеийн удирдлагууд тухайн цаг үед төрийн эрх барьж байгаа улс төрийн нам болон түүнийг дагасан цөөн хэдэн улстөрчдийн төлөө ажилладаг болохоос үйлдвэрийн амин сүнс болсон ажилчдынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьдаггүй гэдэг нь харагдаж байгаа юм.  

Сүүлийн үед "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой таагүй мэдээлэл газар аваад байгаа. Тухайлбал, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэгэн ноцтой мэдээлэл дэлгэсэн. Ингэхдээ тэрбээр "Эрдэнэт үйлдвэрт саяхан 106 тэрбумын өртөгтөй ган хоолой угсрах тендерийн маргаан гарсан. Энэ тендерийг шаардлага хангаагүй "Синохидро" гэдэг хятадын компанид өгсөн байдаг. Сонгон шалгаруулалт зогсоох, дахин явуулахыг Сангийн яамнаас шаардсан. Дахин тендер явуулсан ч нэг компани сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй юм билээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нөгөө "Синохидро" компанитай шууд гэрээ байгуулсан. Өдгөө хятадуудтай гэрээ байгуулаагүй гэж мэлзэж байгаа боловч Х.Бадамсүрэнгийн гарын үсэггүй нууц бичиг баримт байгаа юм. Энэ үйл явдлаас харж байхад Эрдэнэтийн удирдлагууд "Уурхайчны нэр хүндэд халдав, хэвийн ажиллагааг алдагдуулах гэв" гэх мэтээр мушгиж байна. Үнэндээ уурхайчны нэр хүндэд хэн ч халдаагүй бөгөөд жирийн ажилтнуудын нэрийг барихаа боль. Та нарын заваарсан ажил Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндийг унагаж байгаа шүү. Сангийн яамтай зөрчилдөн хятад компанид тендер өгөх гэж улайраагүй бол Эрдэнэтийн нэр хүнд унахгүй байв. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өрөөг нь битүүмжлэн бичиг баримтын шалгалт хийж байгаа мэдээлэл гарав. Эрдэнэтийн удирдлагууд ихэд сандран "Шалгалт хийж байгаа нь үнэн ч өрөөг нь битүүмжилсэн зүйлгүй" гэсэн мэдээг бүх хэвлэлээр цацлаа. Яасан их мөнгөтэй юм бэ. Өөрсдийгөө өмөөрч цацдаг мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг бариад өгөөч. Ер нь та нарын нэр хүнд гэж юу байдаг юм бэ" хэмээсэн байсан.

Тэгвэл энэ асуудалтай холбоотой юу юутай ч хэдхэн хоногийн өмнө тус үйлдвэрт хуулийн байгууллагынхан ирж ажиллаж байгаа тухай тус үйлдвэрийн ажилтан өөрийн цахим хуудасдаа мэдээлсэн байсан. Хэдийгээр хуулийнхан дээрх шалгалтыг яг ямар хүрээнд хийсэн талаар тодорхой мэдээлээгүй ч тус үйлдвэрийн удирдлагууд энэ шалгалт ноцтой биш гэсэн мэдээллийг өгсөөр байгаа юм. 

Дашрамд мэдээлэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд Авлигатай тэмцэх газраас санхүүгийн шалгалтын хүрээнд шалгалт явуулж байсан билээ.