Ж.Мөнхбат: Малчдынхаа эрх ашгийг, хөдөлмөрийг хамгаалах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХын гишүүн Ж.Мөнхбат: Мал хулгайлсан хулгайч нарт хатуу чанга ял оноох нь зөв. Ажлын хэсгийнхэн боломжийн санал оруулж ирж байгаа юм байна.  Нэг бог, нэг бод хулгай хийвэл зургаан сараас таван жилийн хорих ялтай. Хоёр бод, наймаас дээш бог мал хулгай хийвэл хүндрүүлсэн буюу хоёроос найман жилийн ялтай байхаар Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байна. Тэгэхээр өмнөх шиг захиргааны хэргийн шинж чанартай шийтгэлүүд байхгүй болж байгна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сум дээр хулгай хийсэн хүнийг аймаг дээр цагдаа авч очоод гэр хороо, хашаа хотоо цэвэрлүүлж байгаад захиргааны шийтгэл оногдуулсан гээд буцаадаг байдал үгүй болж байна. Малчид үүнийг хүсч байгаа. Өнөөдөр бид малчдынхаа эрх ашгийг, малчдынхаа хөдөлмөрийг хамгаалах ёстой. Малчдын ганц орлого нь мал. Малчид малаа өсгөж үржүүлэх гэж дөрвөн цагийн эргэлтэд нойр хоолгүй тэмцэж, хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрийг нь Монголын төр, УИХ үнэлж, хамгаалж байгаа хууль баталж байна. Сүүлийн үед хөдөлмөрлөсөн нь хохироод, хөдөлмөрийн хөлсийг завшсан нь хождог хуулийн заалтууд явж ирсэн. Тэгвэл ийм хуулийн заалт өнөөдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр, малын хулгайч нарт оногдуулах ялын бодлогыг чангалж байгаагаар өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл малчид өнчин ишиг хулгайд алдсан ч хулгайч нар нь өндөр хариуцлага, хуулийн ял хүлээдэг ийм заалт хэрэгжиж эхэлж байна гэж ойлгож байна гэсэн юм.