МАН-ын бүлэг:  Тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь 6 сая төгрөг

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар оролцсон бөгөөд 2020 оны сонгуульд зориулсан намын рейтингийн судалгааг танилцуулжээ. Намын дарга У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд оролцохдоо нэр дэвшигчдээс нам хандивын мөнгө авахгүй гэдгийг хэлжээ. Мөн тэтгэврийн зээлийн тэглэх хуулийн төслийг ч мөн хэлэлцжээ. Тэтгэврийн зээлийг тэглэхдээ зургаан сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлийг тэглэх бөгөөд үлдсэн ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санал оруулжээ. 

Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүчлдэд мэдээлэл өгөхдөө "УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ. Мөн иргэдийн зүгээс иргэдээ явгаварлаж байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа учраас ваучер олгох асуудлыг оруулж ирж байна. Тодруулбал, зээлгүй 192 мянган иргэдэд Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн ваучер олгох, тэтгэврийн зээл зогсоох шийдвэрийг цуцлах саналуудыг бүлэгт танилцуулсныг дэмжсэн. Энэ асуудлыг өнөөдөртөө багтааж байнгын хороо хуралдана. Нийтдээ 192 мянган иргэн бүрт нэг сая төгрөгийн эрх бүхий үнэт цаас олгож байгаа юм. Салхитын мөнгөний орд эргэлтэд ороод орлого ороод ирэхээр бэлэн бусаар үнэт цаас олгоно гэсэн үг" хэмээсэн юм.

УИХ дахь МАН-ын Бүлгийн хурлаар дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тухай, дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хүрээнд:

☑️Тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь 6 сая төгрөг.
☑️Тэтгэврийн зээл авсан нийт ахмад настан 229 мянга. Үүнээс 21 мянга нь 6 саяас дээш төгрөгийн зээлтэй байна.
☑️Тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлнэ.
☑️1 саяас доош төгрөгийн зээл авсан ахмад настанд зөрүү төлбөрт ногдох үнэт цаас эзэмшүүлнэ.
☑️Үнэт цаасыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.
☑️Ахмад настан жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
☑️Монголбанкны мэдээллээр 2019 оны 12 дугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. 2018 оны 12 дугаар сард 91, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан байна.