ЗГ: АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулах эрхийг Д.Сумъяабазар сайдад олголоо.

Ач холбогдол:

  • 1. Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулна.
  • 2. Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байна.
  • 3. ЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдлээ.

Жич: Гадаад зах зээл дээрх үнийн өсөлт 1.3-наас хойш өсөж байгаа ч энэ хүчин зүйл нөлөөлөхгүй байх үнээр Hedge хийж амжлаа.

Олон засгийн газар дамжиж арга хөшүүрэг эрж байсан асуудал шийдэгдлээ.

Өнгөрсөн хугацаанд ЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу УУЯ ажиллаж гадаад зах зээлийн бирж дээр ажилладаг Би Ди Өү интернэшнл ХХК-тай гэрээний төслийг бэлэн болгосон болно.

Товч мэдээ

  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийг хариуцах охин компани байгуулна. Охин компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр боллоо.
  • Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгов.
  • Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангилалын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно. 
  • Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон явуулж, дүнг танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг батлагдсан аргачлалын дагуу үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлээгүй хуулийн этгээдийн удирдлагад хариуцлага тооцох болов.
  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого явуулсан байна. Улсын хэмжээнд археологийн олдвор долоон хувь, байгалийн түүхийн үзмэр 13, угсаатны зүйн үзмэр 16 хувийг эзэлж байгаа дүн гарчээ. Цаашид эд өлгийн зүйлсээр баяжуулах, үндэсний хэмжээний археологийн судалгааны багийг дэмжих, үзмэр худалдан авах санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэж үзлээ.
  • “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг батлав. Энэ нь тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Жагсаалтад 182 дурсгал багтсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.