Автомашинаа ачуулсан иргэд НӨАТ-ын баримт авна

Өчигдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуусан. Энэ үеэр автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг үүрэг болгосон. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилт буулгалтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад өнөөдөр шалгалт хийлээ. 

Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Замын хөдөлгөөний удирдлагын шуурхай удирдлагын төвд очсон бөгөөд шалгалтын үеэр Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар зарим мэдээллийг өгсөн. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн автомашин ачиж явсан тохиолдолд эзэн рүү нь автоматаар мессэж илгээхээс гадна, 60 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлсэн гэв. Гэхдээ жолоочийн гар утсанд ирэх мессэж ачихаас өмнө биш ачсаны дараа хаана ямар журмын хашаанд очсныг мэдэгдэхээр болжээ. Тодруулбал, жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээлнэ. Эзэмшигч гарч ирээгүй тохиолдолд зориулалтын бэхэлгээг хийн ачих үйл явцыг эхлүүлнэ. Ачих үйл явц эхэлсний дараа буюу ачилтын автомашины хөдөлгөөн эхэлсний дараагаар эзэмшигчийн АТҮТ-д бүртгэлтэй дугаар болон автомашины цонхон дээрх гар утасны дугаар руу 30 секундын дотор зурвас илгээнэ аж.

Мөн иргэд 60 мянган төгрөгийн ачилтын хураамж төлж автомашинаа журмын хашаанаас авдаг. Энэхүү хураамжийн 10 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж эхэлсэн байна. Цаашид 60 мянгын хураамжийг багасгах тал дээр талууд харилцан ярилцаж хамтран ажиллах ажээ. Автомашин ачилтын 15 аж ахуй нэгж өдөрт дунджаар 150-200 автомашин ачдаг байна. Мөн иргэд ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой. Үүссэн хохирлыг нь тухайн компани 100 хувь барагдуулах журамтай юм байна.